"Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадам ням гарагт өндөрлөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн олимпын XXIV наадмын сүүлийн 3 өдрийн тэмцээн, уралдаанууд үргэлжилж байгаа бөгөөд энэ ням гарагт хаалтын ёслолоо хийснээр "Бээжин-2022" түүх болон үлдэх мөч ойртсоор байна.
ХОККЕЙ:
Эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө Финланд-Швейцарын бүсгүйчүүд, алт буюу
олимпын аваргын төлөө Канад-АНУ-ын шигшээ багууд өрсөлдөнө. Эмэгтэй хоккейнд
энэ хоёр баг бусдаасаа тасархай илүү, хоорондоо харин өгөө аваатай гэж болно. Гэхдээ канад бүсгүйчүүд арай л давамгайлдаг. 1998 онд анх олимпын хөтөлбөрт
эмэгтэй хоккей орсноос хойших зургаан олимпод Канад дөрөв, АНУ /1998, 2018/
хоёр түрүүлсэн. ДАШТ-д ч энэ хоёроос өөр баг аваргалж байгаагүй. Канад 11, АНУ
9 түрүүтэй.
Эрэгтэй шөвгийн наймын тоглолт эхэлсэн. АНУ-ын хоккейчид
2:1-ээр хожиж явсан ч сүүлчийн минутад словакууд тоог тэнцүүлж улмаар shoot out
буюу буллитаар хожин хагас шигшээд шалгарлаа. АНУ-ын хоккейчид таван
буллитынхаа нэгийг ч хийж чадсангүй.
Хоккейн нэгэн их гүрэн байсан Чехословакийн
"тасархай" Словак баг олимпод түрүүлнэ гэсэн сэхүүн бодолтой байсан
"Сэм авгын" /АНУ/ залуусыг нутаг буцааж, могой гурав тасарсан ч
гүрвэлтэйгээ, Чехословак хоёр хуваагдсан ч хоккейгоор Америктайгаа гэдгийг
харууллаа.
Оросын хоккейчид олимпын эхний хэдэн тоглолтоо тийм ч
сайн эхлээгүй. Гэсэн ч хэсгээ тэргүүлж, шөвгийн наймд шууд шалгарсан. Ингээд
Данийн багийг 3:1-ээр хожин, хагас шигшээд шалгарсан хоёр дахь баг боллоо.
Мөн ¼ шигшээд Финланд -Швейцар, Канад-Шведийн багууд
тоглож Финланд, Швейцарыг 5:1 /2:0, 1:1, 2:0/-ээр хожсон бол Швед улсын шигшээ баг
Канадын шигшээг 2:0 /0:0, 0:0, 2:0/-ээр хожиж гэрт нь буцаалаа.
Ийнхүү бямба гарагт буюу энэ сарын 18-нд болох хагас
шигшээд Оросын баг Шведтэй тоглох бол Финландын шигшээ баг Словакын шигшээтэй
халз үзэхээр боллоо.
БИАТЛОН:
Биатлоны эрэгтэй болон эмэгтэй багийн буухиа уралдаан бол
хамгийн нэр хүндтэй, хамгийн чухал байдаг. Хувийн төрөлд хэн нь хэдэн медаль
авсан бай хамаагүй багийн буухиад түрүүлсэн баг биатлонд "хамар дээгүүр"
явдаг билээ.
Эрэгтэй буухиад Оросын баг гурван ээлж, долоо дахь галын
шугаман дээр дараагийн өрсөлдөгчөөсөө бараг минут зайтай ирсэн. Оросын багийн
лидер Эдуард Латыпов алтан медалиа арай л эрт хүзүүндээ зүүсэн үү яасан дэндүү
яарч буудаад таван удаа алдаж, торгуулийн хоёр тойрог хийж, алтан медаль авах
асар том, ахиад хэзээ ч олдохгүй боломжоо салхинд хийсгэлээ.
Түүний бүтэлгүйтлийг Норвеги, Францын багууд ашиглан алт,
мөнгөн медаль хүртэж, Оросууд хүрэл дээр буув.
Харин эмэгтэй 4Х6 км буухиад Оросын бүсгүйчүүд мөнгөн
медаль хүртсэн нь том амжилт. Эгч дүү
Эберг тэргүүтэй Шведийн бүсгүйчүүд алтан медаль, харин Герман хүрэл авлаа.
Итали, Франц, Норвегийн хүчтэй багууд медальд хүрч чадсангүй.
ГҮЙЛТИЙН ЦАНА:
Гүйлтийн цанын сонгодог техникийн багийн спринт төрөлд
баг бүрээс хоёр цаначин ээлжлэн уралдана. Багийн гишүүн тус бүр гурван тойрог
уралддаг.
Эмэгтэй багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг Герман,
Швед, Оросын багууд хүртэв. Медалийн өнгө бол барианы шулуун дээр, финиш дээр тодорсон,
гайхалтай гоё өрсөлдөөн боллоо.
Эрэгтэй багийн уралдаанд Норвеги алт, Финланд мөнгө,
Орос хүрэл медаль зүүлээ.
/Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин/