"Gorilla Glass 5" гар утасны дэлгэцийг хагарахаас хамгаална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. Селфи хийх гэж байгаад утсаа унагахаас та айлтгүй боллоо гэж АНУ-ын шил үйлдвэрлэгч "Корнинг" компанийн удирдлага мэдэгдэж байна.
Тус компани шилний "Горилла" загварын дараагийн хувилбарыг танилцуулсан бөгөөд “Samsung” болон “Apple” зэрэг ухаалаг утаснуудын 70 гаруй хувьд "Корнинг"-ийн үйлдвэрлэсэн шилийг ашигладаг ажээ.
"Gorilla Glass 5" шилийг 1.6 метрийн өндрөөс унагаахад хагарахгүй байх магадлал 80 хувьтай байх гэнэ. Утасны дэлгэц хагарч эвдэрснээс болж ухаалаг утсыг засварчинд аваачиж өгөх нь хамгийн их түгээмэл үзэгдэл бөгөөд дэлхий даяарх хэрэглэгчид энэ талаар маш их гомдол гаргадаг билээ.
Шинэ шилийг барзгар гадаргуу дээр унагааж туршжээ. Утсыг 1.6 метрийн өндрөөс зүлгүүр цаасан дээр унагааж үзүүлсэн байна. Туршилтын байдлаар зарим утаснуудыг лабораторийн нөхцөлд 20 гаруй удаа унагасан боловч хагараагүй байна.
Ухаалаг гар утаснуудыг мөр болон бугуй орчмын өндрөөс унагадаг ажээ. Ийнхүү унагаахад зураас гарах болон бусад гэмтлүүд нь одоогийн зах зээл дээр байгаа шилнүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байсныг "Корнинг" компани онцолжээ.
Гар утас үйлдвэрлэгчид шинэ загварын шил ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүдээ ойрын саруудад танилцуулах юм. Харин "Корнинг" компани ухаалаг утасны загварыг өөрчлөх боломжгүй учраас зарим төрлийн утас нь загвар болон үйлдвэрлэлээс шалтгаалан хэврэг болж магадгүй гэж анхааруулжээ.
Х.Сарнай