НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-02-22 14:50:58


Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн 2022 оны гэрээнд гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017-2021 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Улс орны шинэ хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийг сонгон хамтран ажиллаж, орон нутагт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудалд томоохон хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа үзүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагт 2017 онд 177.1 сая, 2018 онд 238.6 сая, 2019 онд 678.7 сая, 2020 онд 641.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ удаа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар Суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй ажлын хэсэг орон нутагт ажиллан, хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн 2022 оны гэрээнд талууд гарын үсэг зурлаа. 

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн О.Амгаланбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн дарга Ц.Эрдэнэбат болон Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн гишүүд оролцсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ