Япон улс ОХУ-д хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-23 11:28:54

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.


“Бид дараах хориг арга хэмжээнүүдийг авахаар шийдлээ. Нэгдүгээрт, эдгээр нь БНДАУ, БНЛАУ гэж нэрлэж буй бүгд найрамдах улсуудын төлөөлөгчдөд виз олгохыг хориглох, мөн тэдний хөрөнгийг битүүмжлэхтэй холбоотой. Хоёрдугаарт, бид хоёр бүгд найрамдах улс руу экспорт хийх, мөн эдгээр улсаас импорт хийхийг хориглож байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ мөн тус улсын засгийн газрын өрөнд нөлөөлөх бөгөөд Японд Оросын өртэй холбоотой шинэ бонд гаргахыг хориглох талаар тусгасан байна.


Япон улс Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулахыг ОХУ-д тууштай уриалж байна гэж Кишида мөн мэдэгдэв. Японы Ерөнхий сайд Донецк, Луганск Ард Улсуудыг ОХУ тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөн тухайд мэдэгдэхдээ, энэхүү үйлдэл нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж байна гэж онцлон тэмдэглэжээ.


Кишида мөн өнөөгийн нөхцөл байдалд Япон улс Украин дахь иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, иргэдээ нүүлгэн шилжүүлэх захиалгат нислэг зохион байгуулах аж.


Украины эргэн тойронд нөхцөл байдал хурцадвал Япон улс хязгаарлалтын арга хэмжээг нэмж авах талаар хэлэлцэнэ гэж Кишида мэдэгджээ.


Холбоотой мэдээ