Эко болон Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-04 10:14:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын төлөөлөл “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь- ENSURE” МОН/19/301 төслийн захиалгаар “Эко болон тусгай аялал жуулчлал хөгжүүлэх төсөл” боловсруулах зөвлөх багтай уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар зөвлөх багийхан төсөлд хамрагдсан зорилтот Эрдэнэ, Цогт, Чандмань суманд аялал жуулчлал хөгжүүлэх боломж даац, нөөцийг нарийвчлан судлах, өмнө ажилласан багийн гаргасан маршрутын дагуу байгаль орчинд эерэг болон сөрөг хүчин зүйлийг тодорхойлж, үнэлгээ хийх талаар санал солилцов. Мөн цаашид зорилтот нутаг дэвсгэрт тогтвортой эко тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх, боломж, түүний эдийн засгийн үр өгөөж, маркетинг, менежментийн төлөвлөгөө боловсруулахаар аймгийн БОАЖГ болон тус аймгийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлтэй санал солилцож уулзалт зохион байгуулсан юм. 

Аялал жуулчлалын салбарыг орон нутагт амжилттай хөгжүүлж, хөдөөгийн иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар байгаль орчны тогтвортой байдлыг хангах, хамгаалах, аймгийн аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд уг төсөл нь ач холбогдлоо өгөх юм. Уулзалтад БОАЖГ-ын албаны дарга Д.Батмагнай, холбогдох мэргэжилтнүүд оролцож, орон нутагт Эко болон Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллаж үр дүн, өгөөж боломж нөөцийг тогтоон, орон нутагт тохирсон стандартыг боловсруулан гаргахаар тохиролцлоо хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ