10 жилийн хугацаанд 2 сая мод тарих гэрээ байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатараар ахлуулсан ажлын баг Баян-Уул, Хөхморьт, Дарви, Тонхил суманд ажиллах үеэрээ 10 жилийн хугацаанд 2 сая мод тарих гэрээ байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн хэмжээнд “108 сая мод” тарьж, ургуулах аймгийн Засаг даргын төлөвлөгөөт ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатараар ахлуулсан ажлын баг хойд бүсийн дөрвөн суманд ажиллалаа. Тодруулбал, Баян-Уул, Хөхморьт, Дарви, Тонхил суманд ажиллах үеэрээ 10 жилийн хугацаанд 2 сая мод тарихаар гэрээ байгуулсан тухай ХХААГ-аас мэдээлэв. Ажлын багийнхан гэрээг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, байршлын цэг тогтоох, 2022 онд мод тарих талбайтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” төсөл, арга хэмжээг танилцуулж, төсөл, арга хэмжээг тухайн суманд хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөтэй танилцаж, зөвлөгөө өгчээ.