Багийн спортыг хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-21 16:50:22

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар багийн спортыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Багийн спорт нь хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, багийн тоглогч нарын үүрэг хариуцлага, бусдадаа туслах, багаар ажиллах чадварыг суулгадаг давуу талтай.

Тиймээс энэ онд БТСГ өсвөр үе болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн найм, хөлбөмбөгийн зургаа, волейболын таван удаагийн тэмцээнийг энэ онд зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн  Монголын бүх ард түмний спортын ХV наадмын сагсан бөмбөг, волейбол, сагсан бөмбөгийн 5x5 болон 3Х3 анхан шатны тэмцээнийг энэ сарын 21- 27-нд, хөлбөмбөгийн спортыг ирэх сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Энэ оноос эхлэн хэрэгжсэн дээрх төслийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Баянхонгор аймагт зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах дээд шатны футзаалны тэмцээнд Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Л.Наранбаатараар ахлуулсан Дорнод аймгийн шигшээ баг тамирчид 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцож, анхны мөнгөн медалиа хүртээд иржээ. 

Холбоотой мэдээ