Төмөр замын тээврээр 3943.2 мянган тн ачаа тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-23 15:00:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замын тээврээр энэ оны эхний 2 сард 3943.2 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1217.8 (23.6 хувь) мянган тонноор багасжээ.


Төмөр замаар тээсэн ачаа багасахад экспортын ачаа 894.3 (50.2 хувь) мянга, дотоод ачаа 150.8 (7.1 хувь) мянган тонноор  буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа хоёрдугаар сард 1964.1 мянган тонн болж, өмнөх сарынхаас 15.1 (0.8 хувь) мянган тонноор багасав. Үүнд нүүрс 222.8 (19.1 хувь) мянга, нефть, нефтийн бүтээгдэхүүн 24.8 (79.1 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлжээ.


Төмөр замаар энэ оны эхний 2 сард тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 840.7 (24.4 хувь) мянга, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 43.7 (73.2 хувь) мянга, барилгын материал 119.2 (47.9 хувь) мянган тонноор багасаж, харин хар төмөр 12.4 (74.2 хувь) мянган тонноор нэмэгдсэн байна.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан байсан бол төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний 2 сард 222.3 (давхардсан тоо) мянга болжээ. Ийнхүү нэмэгдэхэд орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн нь нөлөөлөв. Төмөр замын тээврээр зорчигчид хоёрдугаар сард 111.6 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 0.8 (0.8 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 2 сард 91.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.7 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд жонш, жоншны баяжмал, төмрийн хүдрийн тээвэрлэлт буурсан нь нөлөөлсөн аж. Төмөр замын тээврийн орлого 2022 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 3.4 (7.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 47.2 тэрбум төгрөг болжээ.

Холбоотой мэдээ