Энэтхэгийн төлөөлөгчид “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын “Жей Эм Си Прожектс Индиа” компанийн ерөнхий захирал С.К.Трипати, дэд ерөнхийлөгч О.П.Пандей, стратеги, салбар компаниудын үйл ажиллагаа хариуцсан захирал А.Амит нарын төлөөлөгч манай улсад айлчилж байна. Энэтхэгийн төлөөлөгчид “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочилж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсад “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл нь инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын 4 багц ажлын гэрээнд хуваагдан хэрэгжиж байгаа юм. Эхний гэрээт ажлын гүйцэтгэгч БНЭУ-ын “Жей Эм Си Прожектс Индиа” 2021 оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа юм.
“Жей Эм Си Прожектс Индиа” компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (иргэний 7 барилга, ус хангамжийн систем, талбайн дэд бүтэц)-уудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус компанийн удирдлагууд ажлын явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар Монголын талын төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагуудтай мэдээлэл, санал солилцлоо.
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн дараа дараагийн багц ажлын ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Үүнээс хамгийн их цаг хугацаа, мэдлэг чадвар шаардсан “Технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах” ажил дуусаж, АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын концернуудтай гэрээ байгуулах ажил ид явагдаж буйг танилцууллаа.