"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-28 15:13:14

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж нараар ахлуулсан ажлын баг өнөөдөр Архангай аймагт ажиллалаа.

Ажлын баг “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймагт 20 сая мод үе шаттайгаар тарьж ургуулах төлөвлөгөөтэй танилцлаа.

Түүнчлэн “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний стратеги үйл ажиллагааны төлөвлөгөөний мэдээллийг орон нутгийн иргэд, салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:


- Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эдийн засгийн мега төсөл гэж ойлгож болно. 2030 он хүртэл тэрбум мод тарихад жилд 100 сая үр суулгацыг бэлдэх хэрэгцээ үүсч байгаа. Үүнийг дагаад ажлын байр, үйлдвэржилт нэмэгдэнэ. Мод тарихад усжуулалтын систем чухал. Хашаа, хайс хамгаалалтын системийн шинэ шийдлүүд гарч ирнэ. Нөгөө талаар байгалийн дагалдах бүтээгдэхүүн буюу зөгий үржүүлэг, үнэрт ургамлаас гаргаж болох бизнесүүд “солонгорно”. Орон нутгууд өөрсдийн онцлогт тохирсон шийдлүүдийг оновчтой төлөвлөх шаардлагатай гэлээ.


Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал:


- Архангай аймгийн хэмжээнд 2030 он хүртэл 20 сая мод тарих ажлын стратеги төлөвлөгөөг ойн салбарын эрдэмтэд, ойн мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор боловсрууллаа. 2024 оноос жилд 2,5 сая тарьц суулгацыг тарьж ургуулах ажлыг зохион байгуулж, 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэл хангаж байна.

Манай аймаг 55 мянган км2 газар нутагтай. Үүний 19,2 хувийг ойн талбай эзэлж байна. Одоогоор 65 га мод үржүүлгийн талбайтай. 2024 он гэхэд мод үржүүлгийн талбайг 600 га болгох зорилт, төлөвлөгөөтэй гэв.

Нэгдсэн уулзалтын дараа ажлын баг, аймгийн удирдлагууд Ихтамир сум дахь мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.

Холбоотой мэдээ