Павит Рамачандран: АХБ Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд тууштай оролцоно

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.gov.mn
2022-03-29 11:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд үргэлжилж байна.


“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын хүрээнд зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран оролцож үг хэллээ.


Тэрбээр, “Улаанбаатар хотод олон ДЦС нүүрсээр ажиллаж айл өрхийг цахилгаан, дулаанаар хангаж байна. Гэтэл зарим улс орон болон олон улсын байгууллага нүүрсэнд суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг эрэлхийлнэ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг цэвэр дулаан үйлдвэрлэхэд ч ашиглах боломжтой. Олон улсад агаарын, гүний дулаан ашиглах, төвийн дулааны шугамын дулаан алдагдлыг бууруулах систем гэх мэт туршлага бий. Улаанбаатар хот төвийн дулааны системтэй бөгөөд үүнд технологийн хэрэглээг нэмэхийн тулд хувийн хэвшлийн санхүүжилтийг татах хэрэгтэй.


Үүнээс гадна эрчим хүчний хэмнэлт чухал байна. Өөрөөр хэлбэл, шинэ барилга барихдаа дулаан алдагдалгүй байх, одоо байгаа барилгуудыг дулаалснаар дулаанаар хангах шаардлагатай байгаа дулааны 30 хувийг бүрдүүлэх боломжтой юм" гэлээ.


Мөн тэрбээр сэргээгдэх буюу нар, салхины эрчим хүчийг ашиглахын тулд нэн тэргүүнд цэнэг хураагуур бий болгох шаардлагатай бөгөөд АХБ-наас дэлхийд хоёрт орох хэмжээний цэнэг хураагуурын төслийг Монгол Улсад хэрэгжүүлж буйг онцоллоо. Уг цэнэг хураагуур ойрын хугацаанд ашиглалтад орно гэдгийг мөн дурдсан юм. АХБ-наас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, дахин төлөвлөх, орлогод нийцсэн орон сууц, ногоон технологийг сайжруулах чиглэлд Монгол Улстай хамтран ажиллаж байгааг мөн хэлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд АХБ тууштай оролцоно гэдгийг Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцоллоо. Тэрбээр, “Мод тарих хөдөлгөөнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэд хамтран оролцох чиглэл рүү Монгол Улс орж байгаад баяртай байна. Мод тарих газраасаа хамаараад зөв мод сонгох, технологи ашиглах нь чухал. Моджуулах ажлыг зохион байгуулахад урт хугацааны санхүүгийн эх үүсвэр бий болгох нь зөв. Ерөнхийдөө аливаа байгууллага Төрийн санг хөгжүүлэх, даатгалын санд хөрөнгө орууллаа гэхэд тодорхой өгөөж хардаг. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ хэнд ямар өгөөж өгөх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Манай банк “Тэрбум мод” хөдөлгөөнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх бөгөөд дээр дурдсан асуудлын талаар ямар шийдэл байж болох вэ гэдгийг авч үзнэ” гэлээ.


Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

Холбоотой мэдээ