Деклан Маги: АХБ дэд бүтэц, ногоон санхүүжилтэд 1.4 сая ам.долларыг зориулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-30 17:23:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы нэг гол үр дүн бүхий зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бүс нутгийн хэмжээнд хамтран, үр дүнтэй тэмцэх, ногоон хөгжлийн үе шатыг эрчимжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх замын зургийг тодорхойлох байв. Улмаар чуулганаар Санхүүгийн Тогтвортой байдлын зөвлөл, СЗХ, Монголбанк, ТоС хамтран санхүүгийн салбараас ногоон хөгжлийг санхүүжилж тогтолцоог сайжруулах зорилготой Тогтвортой санхүүжилтийн замын зураг баримт бичгийг батлан гаргасан юм. Энэ талын хэлэлцүүлэгт оролцсон АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч, эдийн засагч Деклан Маги санал сэтгэгдлээ хуваалцаж байна.

-АХБ-наас Монголд ногоон санхүүжилттэй холбоотой ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?

-Ногоон санхүүжилтэд чиглэсэн хэд хэдэн төсөл бий. 2017-2020 онд АХБ дэд бүтцийн болон ногоон санхүүжилтийн төслийн санхүүжилтэд 1.4 сая ам.долларыг зориулсан. Монгол Улс, АХБ хоорондын түншлэлийн стратегийг харвал бидний дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд ихэвчлэн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон төслүүд байдаг. Хэдийнэ баригдсан дэд бүтцийг дараа дахин өөрчилнө гэдэг хэцүү. Тиймээс бид хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслөө ногоон, тогтвортой байлгах үүднээс бүхий л арга хэмжээ авдаг. Дэд бүтций төслүүд маань цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, чанартай, тогтвортой, удаан хугацаагаар байхад оршдог.

Гэхдээ нөгөө талаар аливаа төслийг ногоон байлгах нь санхүүгийн хувьд илүү өртөгтөй болгодог. АХБ “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Жирийн орон сууц барихаас ногоон орон сууц барих нь илүү зардал их шаарддаг. Тиймээс Уур амьсгалын ногоон сан болон Европын Хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгтэйгээр тухайн орон сууцыг иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэхэд анхаарч байгаа. Энэ нь их чухал байна.




Монгол Улс ногоон санхүүжилт дээр олон талыг оролцуулан хандаж буй нь бусад орноос хурдтай байна. Зарим улс орон ногоон санхүүжилтийн ач холбогдлыг төдийлөн анхаарч харахгүй байгаа тал бий. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай учирч буй бэрхшээл, сорилттой тулгарч буй нөхцөлд ногоон санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх нь хамгийн зөв арга юм.


-Манай улс Тогтвортой санхүүжилтийн замын зураг баримт бичгийг батлан гаргалаа. Энэ талаар ямар санал бодолтой байна. Замын зургийн хэрэгжилтийн олон улсын жишээг тодруулна уу?

-Юуны өмнө Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, хөгжүүлэхэд Төр-хувийн хэвшлийн оролцоог сайжруулж байгаа нь магтууштай хэрэг. Энэ үүднээс Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг батлан гарын үсэг зурж буй үйл явдал нь өндөр ач холбогдолтой юм. Үүнтэй адил замын зургийг хэрэгжүүлж буй олон улс орон бий. Гэхдээ их олон талаараа Монгол Улс энэ чиглэлд олон талыг оролцуулан ингэж хийж буй нь бусад орноос ахисан түвшинд шилжиж, хурдтай явж байна. Яагаад гэвэл зарим улс орон ногоон санхүүжилтийн ач холбогдлыг төдийлөн анхаарч харахгүй байгаа тал бий.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай учирч буй бэрхшээл, сорилттой тулгарч буй нөхцөлд ногоон санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх нь хамгийн зөв арга юм. Одоо харин үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх том сорилт тулгарч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр оролцогч талуудыг хамруулан эхлэлийг сайн тавилаа. Тиймээс цаашид ч энэ эрчээрээ амжилттай хэрэгжилтийг хангах нь чухал байна.




-АХБ-наас нүүдэлчдэд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа. Хэр хэрэгжиж байна вэ? Дэд бүтэц, аялал жуулчлалаас аваад танайхаас хэрэгжүүлж буй төслүүд ногоон эдийн засагт шилжих замыг засч байгаа гэж үзэж болох уу?

-АХБ аялал жуулчлалын салбарт 2 төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний гол зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах явдал юм. Мөн иргэдийн боломж илүү олон салбарт солонгороход оршиж байгаа. Тодруулж хэлбэл, дан ганц уул уурхайг түшиглэх бус, аялал жуулчал зэрэг салбарыг хөгжүүлэх явдал юм. Хоёр төслийн тухайд, эхнийхийг 2019 онд эхэлж, байгаль орчин, нүүдэлчний ахуйд тулгуурласан, өв соёл, түүхийн алал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой Хөвсгөл болон Хэнтий аймагт голлон хэрэгжүүлж байна.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн хэрэгжилт хугацааны хувьд бага зэрэг удааширсан ч БОАЖЯ-ны зүгээс үзүүлж буй хичээл зүтгэлийн ачаар том зургаараа харвал маш сайн байгаа. Энэ төсөл дурдсан хоёр аймгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд дорвитой үр дүн үзүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

Холбоотой мэдээ