Монгол адууны эд эрхтэнг тасдан зэрэмдэглэж буйг хориглохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд хурдан морь сонирхогч хэсэг бүлэг хүмүүс гадаадаас оруулж ирсэн цэвэр цусны азарга бүрийн тоогоор монгол азарганы үржлийн эрхтэн /сэлдий/-ийг тасдан зэрэмдэглэж байгаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд зарим уяач гадаадаас импортоор цэвэр цусны азарга авчирч байгаа нь Монгол адууны удмын санд ноцтой нөлөөлөөд зогсохгүй адуун сүргийн манлай, үржлийн эцэг монгол азаргыг амьдаар нь ийнхүү тамлан зэрэмдэглэж буйг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, ”Монгол адуу” нийгэмлэгээс эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Импортын цэвэр цусны азарга нь монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй бөгөөд гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгүй аж. Иймд импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор монгол азарганы үржлийн эрхтэн /сэлдий/-г нь тасдан туршуул нэртэй азаргыг бий болгож, амьтны жам ёсны эрхийг ноцтой зөрчих үйлдэл улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд өргөжих болжээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, ”Монгол адуу” нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан
нарт шаардлага хүргүүлэхээр болсноо энэ үеэр мэдэгдлээ.
Уг шаардлагад:
1. Гадаадаас импортын үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азарга оруулж ирэхийг бүрмөсөн хориглох,
2. Төрийн сүлдэндээ дээдлэн тахисан, монгол
адууныхаа эд эрхтэнг амьдаар нь тасдан зэрэмдэглэх харгис үйлдлийг Монгол
Улсын хэмжээнд хатуу хориглож холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.