Олон улсын атомын энергийн агентлагийн үнэлгээний баг МХЕГ-т ажиллалаа

Монголын мэдээ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2022-04-07 10:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд хэрэгжүүлсэн төслүүдийн хэрэгжилтийг шалгах Аудитын баг Монгол Улсад ажиллаж байна.


Мэргэжлийн хяналтын байгууллагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр “Хяналтын болон цацрагийн хамгаалалтын техникийн чадавхыг сайжруулах нь“, “Цацрагийн хамгаалалтын техникийн хүчин чадал болон зохицуулалтыг сайжруулах нь”, “Цацрагийн хяналтын лабораторийн техникийн хүчин чадал болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах нь” төслийг 6 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд 15 нэр төрлийн 42 ширхэг  зөөврийн багаж, тоног төхөөрөмж хүлээн авснаар эрсдэл бүхий обьектыг хяналт шалгалтад бүрэн хамруулах, зөрчлийн тоог бууруулах чадамжийг бэхжүүлжээ.


Олон улсын мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар, "Мэргэжлийн хяналтын байгууллага нь төсөл хөтөлбөрийн хүрээнд цацрагийн хяналт шалгалтыг бэхжүүлсэн, хяналтын хүрээг өргөжүүлсэн, зарим төрлийн цацрагийн лабораторийн хэмжилт хяналтыг түргэн шуурхай гүйцэтгэх, өндөр нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдсэн, тэдгээрт нийцсэн үндэсний арга аргачлалыг боловсруулсан байна" хэмээн дүгнэжээ .

Мөн ОУАЭА-ийн цацрагийн хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь тус салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, хяналт шалгалтын болон аюулгүйн үнэлгээ хийх үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, цацрагийн лабораторийн чадамжийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон тухай МХЕГ-аас мэдээлжээ.


Холбоотой мэдээ