Мөнгөн усны нөлөөллийг бууруулах сургалтад бичил уурхайчид хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-07 10:50:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй мөнгөн усны нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас "PlanetGOLD Монгол" төслийг хэрэгжүүлж байна. 

Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчдийг чадавхжуулж, байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх болон мөнгөн усны бохирдлоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэсэн багц сургалтыг зохион байгуулж байна. 

Говь-Алтай аймгийн ЗДТГ, planetGOLD Монгол төсөл, Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбоо (МБУНДХ), Алтайн бичил уурхайчдын эв нэгдлийн холбоо хамтран Хариуцлагатай бичил уурхай, Байгаль орчин, Бичил уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуй, Жендэр ба хүний эрх, Бизнесийн менежмент зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг явуулж байгаа аж.

Сургалт дөрөвдүгээр сарын 6-нд "Хариуцлагатай бичил уурхай" сэдвээр эхэлсэн бөгөөд тав хоногийн хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр, Баян-Уул, Чандмань сумын бичил уурхайчид оролцохоороо онцлогтой юм. Энэхүү багц сургалтын хүрээнд бичил уурхайн байгаль орчин, аюулгүй ажиллагааны хариуцлагыг ухамсарлах, дүрэм, журам стандартыг баримтлах, нөхөн сэргээлтийг эхнээс нь зөв төлөвлөж хийдэг байх, аливаа үйл ажиллагаандаа жендэрийн болон хүний эрхийн мэдрэмжтэй хандах, бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой ойлголтуудыг авах болно хэмээн зохион байгуулагчид мэдээлэв.


Холбоотой мэдээ