Бүтээн байгуулалтын салбарын хамгийн том үзэсгэлэн үүдээ нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2022” үзэсгэлэнг энэ сарын 20-22-нд “Степпе-Арена- Мөсөн өргөө”-нд зохион байгуулна. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, уул уурхайн бүтээн байгуулалтын салбаруудыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах тус үзэсгэлэнд 10 гаруй орны 150 гаруй шилдэг байгууллага оролцоно.
Үзэсгэлэнгийн үеэр бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулахаас гадна үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочинд Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг, компаниудын илтгэл тавигдах аж.
Мөн “Build Mongolia 2022” үзэсгэлэн нь нэг талаар олон улсын нийлүүлэгчдэд Монголын дээрх салбаруудын хөгжлийг үнэлж дүгнэх, нөгөө талаар Монгол Улсын эдийн засгийн чухал салбар болох эрчим хүч, барилга, хот байгуулалтын салбарт дэлхийн шилдэг техник технологи, арга барилыг нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааны гүүр болох өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Бүтээн байгуулалтын салбарын хамгийн том энэхүү үзэсгэлэн хүн бүхэнд нээлттэй. Мэдээллийг www.buildmongolia.com вэбсайтаас
авна уу.
Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Батсээр" ХХК, алтан ивээн тэтгэгчээр "Тоёота Сэйлс Монголиа" ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр "Соёолон Интэрнэшнл" ХХК ажиллана. Мөн дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн
хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Оюутолгой
ХХК хамтран ажиллаж байна.