У.Базарсад: "Build Mongolia 2022" Ханган нийлүүлэгчдийн хувьд маш том сурталчилгаа, борлуулалтын шинэ суваг нээх давуу талтай үзэсгэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-04-08 18:18:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ сарын 20-22-нд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна.


Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Бадрангуй Орших Групп ХХК”-ийн гүйцэтгэх захирал У.Базарсадтай ярилцлаа.


-“Бадрангуй Орших” ХХК 2011 онд байгуулагдсанаасаа хойших хугацаанд, хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулж ирсэн бэ?

-Сайн байна уу? Танай хамт олонд болон “Mongolian Mining Journal”-ын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамт олон энэ хугацаанд чамгүй амжилттай явж байна гэж миний хувьд дүгнэж байна.

Бид энэ хугацаанд 2011 онд үндэсний хөрөнгө оруулалттайгаар Монгол улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирсон Зам, Барилга, Уул уурхайн зориулалтын техник тоног төхөөрөмжийг үйлдвэрээс хэрэглэгчдэд нийлүүлж байна. Мөн засварын газар, сэлбэгийн дэлгүүр, машин механизм борлуулалтын төвлөрсөн үйлчилгээг үзүүлж байна.

Манай компани 2017 оноос БНХАУ-ын LOVOL HEAVY INDUSTRY үйлдвэрийн хүнд машин механизм, 2018 оноос ХБНГУ болон БНХАУ-ын хамтарсан үйлдвэр болох FOTON DAIMLER үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Түүнчлэн 2018 оноос CHENGLI SPECIAL AUTOMOBILE “CLW” үйлдвэр, 2021 оноос Унгар улсын ‘’MOL LUBRICANTS’’ үйлдвэрийн тос тосолгооний материалыг Монгол улсад амжилттай нэвтрүүлэн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Мөн 2022 онд бид ОХУ-ын ‘’АЛЬКОР’’ үйлдвэрийн Тюменский Медведь, TYUMEN BatBear үйлдвэрийн аккумуляторыг амжилттайгаар нэвтрүүлэн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.


-Бээжин хотын “Foton International Trade” компанийн Foton AUMAN брендийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер, БНХАУ-ын “Lovol Heavy Industry” компанийн “LOVOL” брэндийн уул уурхай, зам барилгын механизмын Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын LOVOL HEAVY INDUSTRY үйлдвэрийн дугуйт, гинжит экскаватор, авто ачигч, авто грейдер, индүү зэрэг механизмуудыг импортлон албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Тус үйлдвэр нь манай улсаас гадна дэлхийн 20 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлодог БНХАУ-даа тэргүүлэх зэргийн үйлдвэр юм. ХБНГУ болон БНХАУ-ын хамтарсан үйлдвэр болох FOTON DAIMLER үйлдвэрийн хувьд “Foton Motor Group Co., Ltd” нэртэйгээр 1996 онд байгуулагдсан бөгөөд 13 жил дараалан Хятад Улсын зах зээл дээр тэргүүлэх байр сууриа хадгалсаар ирсэн шилдэг үйлдвэрлэгч юм. Бид тус үйлдвэрийн бүх төрлийн хүнд даацын автомашин, автобус зэргийг хэрэглэгч нартаа нийлүүлэн борлуулалтын сэлбэг засвар үйлчилгээг санал болгон хэрэглэгчдэд аль болох цогц үйлчилгээг санал болгон ажиллаж байна.


-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан хүндхэн үе байлаа. Ийм нөхцөлд албан байгууллага бүрд хэрэглэгчдээ татах оновчтой бодлого чухал. Танай компанийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Энэ хоёр жилийн хугацаанд бусад байгууллагын адилаар маш их бэрхшээлтэй тулгарсан. Дээр дурдсанчлан үндэсний хөрөнгө оруулалттай компани тул үнийн өсөлтийн эсрэг тогтвортой бодлого барьж ажилласан юм. Ингэснээр бид хэрэглэгч нартаа сайн чанарын техник, сэлбэгийг хамгийн хямд үнээр нийлүүлж энэ хоёр жилийг амжилттай давж чадсан гэж бодож байна.


-Танай компани Бүтээн байгуулалт 2022 олон улсын үзэсгэлэнд оролцогчдын нэг. Үзэсгэлэнд ямар онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах вэ?

-Бид энэ жилээс Унгарын элчин сайдын яамтай хамтран Унгар улсаас МОЛ брэндийн тос тосолгооны материалыг нийлүүлж эхлэж байна. Тус үйлдвэрийн хувьд Унгар улсын томоохон үйлдвэрүүдийн нэг юм. МОЛ нь улсынхаа эдийн засгийн гучаад хувийг дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд 115 жилийн түүхтэй дэлхийн 50 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Европдоо дээгүүрт эрэмбэлэгддэг үйлдвэр юм. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хамгийн сүүлийн үеийн ACEA, API, ISO, CATERPILLAR, MB, DIN, MIL зэрэг олон стандартыг хангасан өндөр зэрэглэлийн тос юм.    


-Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудыг хэрхэн харж байна?

-Манай улсын хувьд уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэл зэрэг салбаруудад тулгуурласан хэд хэдэн үзэсгэлэн жилд 4-5 удаа зохион байгуулагддаг. Манай байгууллага энэ бүгдэд аль болох алгасалгүй оролцохыг хичээдэг. “Build Mongolia 2022” үзэсгэлэнгийн хувьд салбар бүрийг нэгтгэн хоёр дахь жилдээ болж байгаагаараа онцлог болж байна. Тус үзэсгэлэнгийн хувьд бидэнтэй адил ханган нийлүүлэгчдийн хувьд маш том сурталчилгаа, борлуулалтын шинэ суваг нээх давуу талтай үзэсгэлэн юм. Худалдан авагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хувьд ч гэсэн шинэ дэвшилтэт техник технологитой танилцах, худалдан авалт хийх гээд аль аль талдаа өгөөжөө өгсөн үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээ