Заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-14 10:24:11

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгыг дэмжиж “Говь-Алтай аймаг 10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж ургуулна” хэмээн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдсэн билээ.

Тэгвэл тус аймгийн холбогдох газруудаас 108 сая мод тарих аяныг хэрэгжүүлэх хөтөлбөр гарган ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд тус аймгийн 10 суманд тархалттай заган ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих мөн заган ойн зохион байгуулалтын ажлыг хийх, мод үржүүлгийн газруудыг түшиглэн говийн бутлаг ургамлуудыг тарималжуулж нөхөн тариалалтыг хийх ажлууд өрнөж байна. Байгалийн сэргэн ургалтыг дэмжих зорилгоор заган ой 20 га-д, тооройн 3 га талбайг хашиж, эвдрэлд орсон 26 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар БОАЖГ-аас мэдээлэв.

Мөн иргэдийн байгаль хамгаалах санаачилгыг дэмжин Цармын баянбүрдийн талбайг хашаалж заг, хармаг тариалах 17 булгийн эхийг хашиж хамгаалах хөв байгуулжээ.

Мөн бэлчээрийн доройтлыг бууруулах зорилгоор бэлчээрийн талбайг хашаалж ногоон тэжээл тариалах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ