БНСУ-д тэтгэлэгт хамрах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-02 14:41:43

БСШУ-ы сайд Л.Гантөмөр, БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж  бичигт гарын үсэг зурлаа.

Тус харилцан ойлголцлын санамж бичгийг талууд 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын БСШУЯ, БНСУ-ын Боловсрол, хүний нөөцийн хөгжлийн яам хоорондын 2006-2010 оны Боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг сунгах, шинэчлэх хүрээнд байгуулж байгаа юм.

Санамж бичигт өмнөх хөтөлбөрт тусгасан хамтын үйл ажиллагааны чиглэлүүдийг багтааснаас гадна ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн иргэншил”-ийн үзэл бодлыг Монголын боловсролд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Ингэснээр дунд сургуулийн сурагчид олон соёлын ялгаа, онцлогийг харилцан хүлээн зөвшөөрөх, үнэлэх, бусад улс орны иргэдтэй эв найрамдалтай амьдрах талаарх мэдлэг, чадварыг эзэмших юм.

Энэ үеэр БСШУ-ы сайд Л.Гантөмөр БНСУ-д инженерийн чиглэлээр,  тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНСУ-ын Боловсролын сайд энэ талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлсэн юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд