Ч.Амгалан: Тариалангийн талбайн хөрсний элэгдэл илэрхий мэдрэгдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-20 18:26:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт газар тариалангийн нийт эргэлтийн талбай 91,8 мянган га-д хүрч, энэ салбарт 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тарианы, 1000 гаруй иргэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний үр дүнд аймгийн дотоодын хэрэгцээг хүнсний ногоогоор 30 хувь, төмс, гурилаар бүрэн хангаж, Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд нийлүүлж байна.  Газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг хөрсний үржил шимээс шалтгаалдаг. Энэ талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалангаас тодрууллаа.

- Манай аймаг тариаланчдын зөвлөгөөнийг “Хөрсөө хайрлая” нэртэйгээр зохион байгуулж байсан. Энэ нь өөрөө хөрсгүй бол ургацгүй гэдэг ойлголтыг өгөх, нэгийг бодож хоёрыг тунгаах сэдэл өгөх гэж хийж байсан. Гэтэл цаг уурын өөрчлөлт болон технологийн буруу үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурч, ургац бүрдүүлдэг шим тэжээлийн бодисуудын хангамж багасч байна. Тухайлбал аймгийн хэмжээнд 57,5 мянган га тариалангийн талбайд хөрсний агрохимийн шинжилгээ хийхэд 97,3 хувь нь нитратаар маш бага, 71,3 хувь нь фосфороор, 78,5 хувь нь калиар бага гэсэн дүгнэлт гарлаа. Хөрсний үржил шимийг нөхөхөд азот 8392,3, фосфор 2635,3, кали 2677,6 тонн шаардлагатай гэсэн тооцоо бий. Байгаль цаг уурын өөрчлөлт ган, хуурайшилтаас шалтгаалан тариалангийн талбайн эвдрэл, элэгдлийн хэмжээ нэмэгдэж, цөлжих үйл явц эрчимтэй явагдаж байна. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн судалгаагаар нийт тариалангийн талбайн 60,6 хувь нь хүчтэй элэгдэж, үржил шимийн дутагдалд орсон байна гэсэн дүгнэлт гарсан гэж ярилаа. 

Холбоотой мэдээ