Эрчим хүчний хэмнэлттэй эко жишиг хотхон ашиглалтад орлоо

Монголын мэдээ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-04-28 09:12:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд гүнийн цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломжтой, нарны илчийг 100 хувь өөртөө шингээн халаах технологи бүхий орон сууцтай эко хотхон ашиглалтад орлоо. Дэнжийн 1000-ын гэр хороололд барьсан энэхүү эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоны нээлт өчигдөр болж, оршин суугч нартаа түлхүүрийг гардуулав.




Тус хотхоныг “ТОСК” ТӨХХК, “Hybrid house” компани, ТОС, Германы олон улсын хамтын ажиллагааны GIZ байгууллагын хамтарсан төслөөр барьжээ. Төслийн гүйцэтгэгч “Hybrid house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ хэлэхдээ, хотхон цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэйг тодотголоо. Хотхоны хаусууд нь  хасах 40 хэмийн хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих, мөн тохилог шийдэлтэй аж.


Тэрбээр, “Нэг айлын байр ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй. Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын нийгэмлэгийн төсөлд хамрагдан 18 сая төгрөгийг суутгуулна. Ингэснээр үлдэгдэл 52 сая төгрөгийг ногоон зээлд хамрагдан сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломжийг бүрдүүлсэн”-ийг онцлов. Энгийнээр хэлбэл, иргэд жилд төлдөг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой аж.





Тус хотхонд оршин суугч иргэд ногоон зээлд хамрагдан халаалтад зарцуулах мөнгөө ногоон зээлдээ өгч 60 м.кв ашигтай талбай бүхий таун хаустай болох боломжтой аж. Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгджээ.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг олноор нь барьснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжтой болохыг “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал онцлон тэмдэглэж, нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэв.




Нийслэлийн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн төвийн инженерийн шугам сүлжээ хүрэхгүй хэсгүүдэд ногоон орон сууц барихтай холбоотойгоор иргэдэд зориулсан зээл гаргах, Ногоон орон сууцны сан”-г байгуулах зэргээр санхүүжилтийг шийдэж байгаа. Бид стандартын дагуу ногоон орон сууцыг нутагшуулан, олон улсын сертификат авахаар ажиллаж байна.

Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах боломж бүрдэж, иргэд ч мөн хүү багатай ипотекийн зээлд хамрагдан, орон сууцаа авах боломжтой”-г нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн парк хариуцсан орлогч Б.Сүхбаатар тодотгов. 





Холбоотой мэдээ