Хөрөнгө оруулалт татахыг дэмжихээ илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-28 10:15:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн ногоон хөгжлийн институт /ДНХИ/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аннака Питерсон, нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан нар ажлын уулзалт хийлээ.


Уулзалтын үеэр Улаанбаатар хотод дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай санал солилцож, олон улсын жишиг ногоон хот төлөвлөлтийн тухай зөвлөлдөв.


Аннака Питерсон “Манай гол үйл ажиллагааны стратегийн чиглэлийн нэг нь ногоон хот, аж үйлдвэрийн хөгжлийг бий болгох юм. Та бүхний хэрэгжүүлэхээр зорьж буй ажил энэ чиглэлд багтаж байна. Иймд дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулахад шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татахад дэмжин, хамтарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм.

ДНХИ нь 2023-2024 оны ажлын болон 5 жилийн стратеги /2022-2026/ төлөвлөгөөгөө боловсруулахдаа нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтарч ажиллах боломжийг судлахаар тусгажээ.


Мөн тус байгууллагын 2030 он хүртэлх стратегийн хүрээнд хамтарч ажиллах төслөө уялдуулж үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр талууд санал нэгдсэнийг нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар мэдээлэв. 

Холбоотой мэдээ