ХХААХҮ-ийн сайд иргэдийн санал хүсэлтэд хариу өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-02 17:45:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийттэй харилцах “11-11” төв Засгийн газрын мэдэлд шилжээд буй. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүн, салбарын сайд нар тус төвд иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож эхэлээ. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус төвийг зорьж ирсэн 20 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, зарим иргэдтэй утсаар ярьж санал хүсэлтэд нь хариу өглөө.




Иргэд ХАА-г дэмжих хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах, хаврын тариалалтын бэлтгэл ажил, ЖДҮ эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар түлхүү санал хүсэлтээ илэрхийллээ. Мөн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалд оролцсон залуусын төлөөлөл Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар батлуулсан Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулт тавьж, тодорхой хариулт авав. Уулзалтаас гарч ирсэн “Батзүү” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Оюунчимэгээс санал хүсэлтийг тодруулав.

-Та ямар асуудлаар сайдад хандав?

-Хил, гаалийн гацалт, импортын хангамжийн доголдол, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэсэн 3 асуудлаар санал солилцлоо. Хил, гаалийн хязгаарлалтаас болж дотоодын оёдлын үйлдвэрүүд бараа материалаар хомсдоод байна. Өнөөдөр байдал ямар байна гэхээр Эрээн хотод нэг хятад хүний дураараа хэлсэн үнээр бараа материал авах нөхцөлтэй тулгарч байна. Нэг метр ам дөрвөлжин давууг хилээр гарахад 1350 юань гэж үнэлж байна.

-Танд сайд ямар хариу өгөв?

-Хил гаалийн асуудлыг даруй цэгцэлж шийдэх талаар гадна дотногүй ярьж хөөрч байна гэдгийг дуулгасан. Энэ талаар холбогдох газруудтай уулзаж, хариу өгье гэсэн. Мөн дотоодын үйлдвэрлэгч нар экспортод бүтээгдэхүүнээ гарахад техник тоног төхөөрөмжөө шинэчлэх эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Үүнд баталгаа хэрэгтэй байна, тендерийн мөнгийг урьдчилсан олгох талаар санал солилцож ойлголцлоо гэв. Тэрбээр, "Манай компани тендерийн сонгон шалгаруулалтад оролцож ирсэн. Гэтэл урьдчилгаа мөнгө өгдөггүй. 500 сая төгрөгийн тендерт орлоо гэхэд урьдчилгаа мөнгө өгөхгүй болохоор бид яаж бараагаа захих билээ. Сайд болохоор банкны баталгаа гарга гэж байна. 500 сая төгрөгийн тал мөнгийг банканд байршуулахыг банкны баталгаа гаргах гэдэг. Ингэхээр бидэнд ялгаагүй болно. Нэгэнт төсвийн мөнгө байршсан тохиолдолд тендерийн урьдчилгаа мөнгийг компаниудад олгодог болмоор байна. Ингэхгүй бол үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадахгүйд хүрээд байна" гэв. 




ХХААХҮ-ийн сайд нөөцийн махны чанарын талаар асуусан иргэдийн асуултад, “Өнгөрсөн жил бүх нутгаар зуншлага сайн байсан. Тиймээс махны чанарт ямар нэг асуудал байхгүй. Мах тарган, туранхай, яс их байна гэдэг зүйл энэ жилийн нөөцийн маханд байхгүй. Улаанбаатар хотод нийт 460 цэгт нөөцийн махыг худалдаалж байсан бол Засгийн газраас үнийг 20 хувиар хөнгөлж, 556 цэгт нөөцийн махыг борлуулж байгаа. Борлуулж буй цэгүүдээ нөөцийн махыг бүрдүүлсэн 27 ААН хувааж авсан. Аль нэг цэгт махны чанар, хангамжийн асуудал үүсвэл яам, НМХГ, ШӨХТГ-т хандах эрхтэй" гэсэн хариу өглөө. 

Өнгөрсөн сард 11-11 төвд хүнс, хөдөө аж ахуйн салбартай холбоотой 148 санал гомдол ирснээс 132-ийг нь шийдвэрлэсэн бол 8 гомдлыг судлах түвшинд, 8 гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлжээ.




Олон нийттэй харилцах “11-11” төвд дараагийн ээлжинд ХЗДХ-ийн болон ЗТХ-ийн сайд Х.Нямбаатар, Л.Халтар нар иргэдтэй уулзахаар төлөвлөжээЗасгийн газрын гишүүд энэчлэн 7 хоног бүр "11-11" төвд иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ