Орон нутгийн нислэгүүдийн тоог нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-04 16:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт аялал, жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгарч буй асуудлыг сонсож, шийдэл гаргах боломжийн талаар хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл хуралдлаа. ЗТХ-ийн сайд Л.Халтар иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг онцлов. Тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүслээ.




Жуулчин тээвэрлэх боломж бүрдүүлэх зорилгоор МИАТ ТӨХК 6 дугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд 7 хоногт 5 удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна. Мөн Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн жуулчин тээврийн нислэгийг сэргээн тогтворжуулах, тулгамдаж буй санхүүг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. 




Агаарын тээврийн хувийн компаниудаас “Аэро Монголиа” орон нутгийн 5 чиглэлд дангаар нислэг үйлдэж байна. Хүннү Эйр” компани энэ оны 7,8 дугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд 7 хоногийн 2 удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд 7 хоногт 3-аас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргалаа.




Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах  шаардлагатай байгааг Аэро Монголиа компанийн төлөөлөл хэлэв. Хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан болон БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо, МИАТ, Аэромонголиа, Хүннү ЭйрИзинис эйрвэйз компанийн удирдлагууд оролцлоо.



Холбоотой мэдээ