Мод үржүүлгийн газруудыг нэмж байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-05 12:12:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг 10 жилийн хугацаанд 108 сая мод тарьж, ургуулах аяныг өрнүүлэхээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлаа базааж байна.

Энэхүү ажлын хүрээнд холбогдох албаныхан сумдаар явж заг болон тооройн үр цуглуулж, сухайг мөчрөөр нь суулгах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн 10 суманд заган ой, таван суманд шинэсэн ой өөрөөр хэлбэл 1,6 сая га орчим талбай ой модтой байна. 

Говь-Алтай аймагт шороон шуургатай өдрүүд 1960-аад оны үед жилд дунджаар жилд 6-8 гардаг байсан бол одоо жилд 130 өдөр болж нэмэгджээ. Энэ нь говьд ургадаг загийг түлшинд их хэмжээгээр хэрэглэснээс салхи үүсэж, шороогоор шуурах нөхцөл бий болсон гэж цаг уурчид үздэг. Тиймээс говьд ургадаг заг, сухай, тоорой, шар мод болон хар мод, жимсний төрөл бүрийн мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн аж.

Тус аймаг нь дөрвөн мод үржүүлгийн газарт тарьц, суулгац үржүүлэх ажлыг зохион байгуулж, хавар, намартаа жилд 13-20 мянга орчим мод тарьдаг байжээ. 2022-2024 онд “108 сая мод тарьж, ургуулах” аяны бэлтгэл ажлыг хангаж мод үржүүлгийн газруудыг нэмж байгуулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд энэ жилийн тухайд Цогт сумын Баянтоорой тосгон, Халиун, Бигэр суманд мод үржүүлгийн газар шинээр байгуулахаар ажлаа эхэлсэн тухай тус аймгийн БОАЖГ-ын Ой, ургамал хариуцсан мэргэжилтэн Б:Пүрэвдорж танилцуулсан юм. 

Түүнчлэн иргэдийн байгаль хамгаалах санал санаачилгыг төсөл хөтөлбөрөөр дэмжин Зармангийн баянбүрдийн талбайг хашаалан заг, хармаг тарьж ургуулна. Шинээр бэлтгэх тарьц суулгацын 80 хувийг говь, хээрийн бүсэд тарьж ургуулна хэмээн мөн мэдээллээ.


Холбоотой мэдээ