Иргэд жимсний модыг түлхүү худалдан авч байна

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-05 17:56:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 5, 6-ны өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг Г.Дэмид жанжны талбайд БОАЖГ-аас зохион байгуулж байна. Өнөөдөр үзэсгэлэн худалдаанд иргэд, байгууллага, хамт олон идэвхтэй оролцож, модны тарьц, суулгацыг худалдан авч байв. Мэргэжлийн хүмүүс иргэд хашаандаа үхрийн нүд, алим, чацарганы модны суулгацыг илүү сонирхон авч байна гэв. Үзэсгэлэн худалдааны үеэр хийсэн сурвалжилгаа хүргэе.


БОАЖГ-ын байгаль орчны байцаагч П.Нямдаваа:

-Энэ жилийн мод тарих үндэсний өдрөөр иргэдэдээ модыг хэрхэн тарих талаар модны онцлогт тохируулан мэдээлэл, зөвлөгөө, гарын авлага өгч байна. Иргэд маань ч нэлээд идэвхтэй, мод тарих сонирхол эрмэлзэлтэй байна. Гарын авлагуудыг их авч байна. Тухайлбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жимсний модыг тарьж, агро аж ахуй сонирхсон хүмүүс их байна. Энд байгаа үрсэлгээнүүд нь БОАЖГ-ын дэргэдэх ойн нэгжийн бүрэлдэхүүнд байдаг ойн ангиудад тарьж ургуулсан тарьц суулгацууд байна. Шинэс, шар хуайс, хайлаас, улиас, бургас зэрэг мод бий.



Өгийнуур сумын "Өгий эко шим" нөхөрлөлийн дарга Б.Тайван:

-Та өнөөдөр хэдэн, төрлийн хэдэн суулгацтай үзэсгэлэн худалдаанд оролцож байна вэ?

-Манайх зургаан төрлийн арваад мянган модтой ирсэн. Манайх Өгийнуур сумандаа мод үржүүлгийн 50 га талбайтай. 30000 чацаргана жимсний буттай, нийт 60 гаруй мянган мод тарьсан. Үржүүлэг бол тусдаа. 4 гүний худагтай, 7 хүлэмжтэй, 25 ажилчинтай үйл ажиллагаа явуулдаг "Өгий эко шим" нөхөрлөл байна. Манайх 2015 онд байгуулагдсан.

-Хэдэн настай үрсэлгээ, суулгацууд байгаа бол?

-Энд ихэнхдээ тарихад тохиромжтой, хоёр настай мод, 3 настай улиас авч ирсэн. 2500-10000 төгрөгийн хооронд худалдаалж байна.

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд танай мод үржүүлгийн газар ямар байдлаар оролцох вэ?

-Манайх Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Аймгийн удирдлагуудтай уулзаад гурван жилийн дотор нэг сая мод нийлүүлье гэж төсөл бичиж өгсөн. Манайх гурван жилд нэг сая мод гаргах хүчин чадалтай, аймагтаа хамгийн том мод үржүүлгийн газар юм.  

-Таны мод тарьсан газар Өгийнуур сумын хаана байдаг юм бэ?

-Манай нөхөрлөлийн мод тарьсан 50га газар сумын төвийнхөө яг ар хэсэгт нэг км орчмын зайтай бий. 25, 25 га хоёр хэсэг. Энэ жил нэмээд дахиад 25-30 га нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүнсний ногоо хажуугаар нь тарьж байгаа.



Эрдэнэмандал сумын Сум дундын ойн ангийн дарга Л.Эрдэнэбаатар:

-Танай сумын ойн ангиас ямар ямар үр, суулгацтай ирсэн бэ?

-"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд болж буй үзэсгэлэн худалдаанд 300 гаруй тарьц суулгацтай ирлээ. Монос, улиас, хайлаас, үхрийн нүд зэрэг. Зах зээлийн үнээр буюу мод тарих хүсэлтэй иргэдээ дэмжээд суулгац, суулгацаа 3000 төгрөгөөр зарлаа. Одоогоор 150 гаруй нь л үлдэж байна.

-Ямар настай тарьц, суулгац байна вэ?

-Энд үр, тарьцаас гадна 2-4 настай суулгацууд байна.

-"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэмандал сум хэдэн мод тарих вэ? Тарьц, суулгацаа хэрхэн бэлдэж байна вэ?

-Эрдэнэмандал сум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд сумандаа 900 мянган мод тарина. Үүний хүрээнд энэ жил сумын ИТХ-аар санал оруулж, 10 сая төгрөг суулгуулж, бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар бид нар 4 га талбайг байгуулаад тарьц, суулгацуудаа суулгасан. Одоо үр ирнэ. Үр ирэхээр гурван хүлэмж нэмж бариад суулгана. Үндсэндээ дөрвөн хүлэмжтэй, 4 га талбайд ажлаа хийж байна. Хоёр жилийн дараа гэхэд багадаа 100 гаруй тарьц суулгацыг нийлүүлээд явах бололцоотой болно.

-Мод үржүүлгийн газраа нэмэгдүүлэх үү?

-Энэ жил 1 га-г сумын ИТХ-аар оруулж батлуулаад, хашаалаад авсан байгаа. Нийлээд 4 га болж байгаа юм. Одоо үр, суулгацаа суулгаж эхэлж байна.

-Ойн салбарт, таны хийж байгаа ажилд юу хамгийн их тулгамдаж байгаа вэ?

-Нэн түрүүнд боловсон хүчин дутмаг. Орон нутагт мэргэжлийн ойжуулагч, ойн инженер, ойн техникч ховор байна. Бид байгаа боловсон хүчнээ Улаанбаатар хотруу явуулж, долоо хоногийн анхан шатны сургалтад хамруулсан.



Эрдэнэбулган сумын 1-р багийн иргэн С.Долгорсүрэн:

-Бид хоёр өнгөрсөн жилээс эхлэн хашаандаа чацарганы хоёр мод тарьсан. Сайн ургасан. Энэ жил урамшаад дахиад үхрийн нүд аваад явж байна. Хажууд нь суулгана. Бид бас хашаандаа төмс тарьдаг. Төмсний хагалсан газраас гарсан хар шорооноосоо элстэй холиод модоо тарьж байгаа. Манай хашааны хөрс өгөөжтэй. Сайн арчилж чадвал мод ургахгүй газар гэж байхгүй. Манай хүүхдийнх ч мөн хашаандаа мод, төмс тарьдаг.



Эрдэнэбулган сумын 2-р багийн иргэн П.Ганбаатар:

-Өнгөрсөн жил би газар авч, хашаа тойруулсан. Энэ хашаандаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжээд өөрийнхөө хувь нэмрийг оруулж, үхрийн нүд 10 ширхгийг, улиас мод 30 ширхгийг тарих гээд аваад явж байна. Мод тарихаар нэгдээд ирэхэд хашаа дотор өнгө үзэмж нэмэгдэнэ. Өөрсдөө ч тав тухтай орчинд амьдрах зорилготой. Ер нь олон жил мод тарьсан эмээ, өвөө, ах эгч нарыг зурагтаар их харж байна л даа. Ирээдүйд 50, 60 нас хүрээд тарьсан модоо хараад, тэр дотроо сууж байх гоё санагдсан. Залуу, чадалтай байгаа дээрээ хэдэн мод аваад хашаандаа мод тарих гэж байна даа /инээв/. Залуучуудыг мод тарих энэ хөдөлгөөнд нэгдээд хашаандаа болон бусад боломжтой бүх газраа сайхан мод тариарай гэж уриалж, хүсч байна. Тарихдаа бас ургаж болох газар, арчилж чадах хэмжээгээрээ тарьсан нь илүү үнэ цэнтэй болов уу.  

Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа маргааш үргэлжлэх бөгөөд энэ сарын 7-ны өдөр бүх нийтээр мод тарина.