Өнөөдөр эмэгтэй боксчид Дэлхийн ринг дээр хүчээ сорьж эхэлнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-06 09:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 6-20-нд болно.


Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-д Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.


Эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын боксчид түүхэндээ ганц медаль хүртсэн  бөгөөд 2018 онд Энэтхэгт болсон ДАШТ-ий 54 кг жинд гавьяат тамирчин М.Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ий өмнө Европт Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Холбоотой мэдээ