Олон улсын зөвлөхүүд Сайнцагаан суманд ажиллав

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-05-07 16:14:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-ын Олон улсын зөвлөхүүд Сайнцагаан суманд ажиллаж, орон нутгийн ТББ-ын үйл ажиллагаатай танилцан, төслийн үр шимийг хүртэгч бизнесүүдтэй уулзаж, зөвлөгөө өглөө.

Тодруулбал, Дани-Монголын нийгэмлэгийн гишүүн, "ЖэйКэйСи кoнсалт" компанийн захирал Жес Кристиан Колдинг, Дани-Монголын Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, редактор, сэтгүүлч Беттина Холлаендер Грам, "Нийгмийн түншлэлийн сүлжээ" (НТС) ТББ-ын захирал Н.Тунгалаг, “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийн зохицуулагч Ц.Энхтуяа нар 5 дугаар сарын 4-6-нд тус суманд ажиллалаа.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар төслийн багийг хүлээн авч, төслийн үйл ажиллагаа, орон нутгийн бизнесийн тулгамдсан асуудал, төр засгийн дэмжлэгийн талаар ярилцан,цаашид бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж, хамтран ажиллах тухай санал солилцжээ.

"Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ нь Дани Монголын нийгэмлэгтэй хамтран 2019-2022 онд “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийг 9 аймгийн 11 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм. 

Төслийн хүрээнд Сайнцагаан суманд ОУХБ-ын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн хоёр сургагч багш бэлтгэгдэж, 5 удаагийн ”Бизнесээ эхэл”, 3 удаагийн “Бизнесээ хөгжүүл” сургалтаар орон нутгийн 176 бизнес эрхлэгч  болон шинээр бизнесээ эхлэх сонирхолтой иргэдийг чадавхжуулжээ.

Олон улсын зөвлөхүүд тус суманд ажиллахдаа дээрх сургалтын оролцогч, хуримтлалын “Бурзай” болон “Арвин сан” бүлгийн гишүүдтэй уулзаж, бүлгийн үйл ажиллагаатай нь танилцан зөвлөгөө өглөө. “Арвин сан” бүлэг 19 гишүүнтэй. 2021 оны 12 дугаар сард "Бялхам дүүрэн баяр хөөр" хоршоо болон зохион байгуулалтад оржээ.

Төслийн баг арьсан эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч “Өнөд ашид” ХХК, эсгий үйлдвэрлэгч Д.Наранчимэг, Д.Батсүрэн, тахианы аж ахуй эрхлэгч  “Жаргалант сор” ХХК, “Говийн гэгээ” ХХК, “Бурзай” бүлгийн ахлагч Т.Бямбаа, чулуун хөөрөг, гоёл чимэглэл үйлдвэрлэгч Х.Улаанбаатар нарын бизнесийн үйл ажиллагаатай танилцаж, Олон улсын бизнесийн зөвлөх Жес Кристиан Колдинг бизнес эрхлэгчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанар, загварыг сайжруулах, хаяг шошго хийх, сав баглаа боодолдоо анхаарах, зардлаа бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зохион байгуулалтаа сайжруулах, хаягдал бүтээгдэхүүнээ ашиглан шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг үнэтэй зөвлөгөө өгчээ.

“Хариуцлагатай, тогтвортой нийгэм төслийн хүрээнд ОУХБ-ын “Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл” сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид төслөө боловсруулан бага хүүтэй бизнесийн зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулан, түүхий эд, материал худалдан авч, бизнесээ өргөжүүлж хөгжүүлжээ.

Тухайлбал, Сум хөгжүүлэх сангаас Х.Улаанбаатар 30,0 сая, “Өнөд ашид” ХХК 30,0 сая, “Жаргалант сор” ХХК 100,0 сая, “Говийн гэгээ” ХХК 83,0 сая төгрөг,  ХХҮГ-аас “Бурзай” бүлгийн ахлагч Т.Бямбаа 5,0 сая төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус авсан байна.

Сайнцагаан суманд ажилласан төслийн багийн гишүүд 3 дахь өдөр нь "Нийгмийн түншлэлийн сүлжээ" ТББ-ын тус сумын салбарын Удирдах зөвлөлийн дарга, ЗДТГ-ын ХОХБТ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, салбарын зохицуулагч Б.Өлзийсайхан, сургагч багш Д.Алтантогос нартай уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцан, цаашдын зорилго, стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.

Олон улсын зөвлөх багш нарын зүгээс Сайнцагаан суманд “Харицлагатай тогтвортой нийгэм” төслийн хэрэгжилт 100 хувьтай, үр дүнтэй хэрэгжсэнийг онцлоод, төрийн байгууллага, ТББ болон орон нутгийн төслийн баг маш сайн хамтран ажиллаж чаджээ хэмээн дүгнэсэн байна. 

Түүнээс гадна төслийн багийн гишүүд Мандалговь хотноо удахгүй сүндэрлэх хүүхэд хөгжлийн “Ид шидийн орон” төслийг дэмжин хандив өргөжээ.

Төслийн багийн гишүүд Сайнцагаан суманд ирэхээс өмнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын бизнесүүдтэй уулзаж, төслийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд үргэлжлүүлэн Өмнөговь аймагт ажиллах аж.  

Холбоотой мэдээ