60 залуу хосын хурим хийх "Дурсамж" ёслолыг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-05-10 14:07:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын "Гэр бүлийн өдөр"-ийг жил бүрийн тавдугаар сарын 15-нд тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас санаачлан Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр "Дурсамж" ёслолыг зохион байгуулав.


Манай улсын хувьд нийт хүн амын 30.7 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” баримт бичгийн 2 дугаар зорилгын хүрээнд аз жаргалын индексээр эхний 10 орны тоонд багтах том зорилгыг дэвшүүлжээ.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ, "Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм, эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог сурталчилдаг чухал ач холбогдолтой өдрийн нэг. Гэр бүлийн асуудал хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж юм. Орчин үед хүмүүс хоорондын харилцаа техник технологиос шалтгаалан хөндийрөх хандлага ажиглагддаг. Улмаар ёс суртахуунтай хүнлэг байх, нэгнээ хайрлах, хүндлэх, дэмжиж туслах, сонсож ярилцахад зориулах цаг багассаар байна. Иймд гэр бүл бүхэн халуун ам бүлээрээ хамтдаа өнгөрөөж байгаа цаг мөч бүрийг эерэг уур амьсгалтай, нэгнээ дэмжсэн, хүүхэд хөгшдөө асарч хамгаалсан аз жаргалаа хамтдаа бүтээсэн амьдралыг бий болгоосой гэж уриалж байна” гэв.


Энэ хүрээнд нийт 60 залуу хосын хуримын ёслол энэ сарын 12-ныг дуустал болох юм.


Ташрамд дурдахад, Гэрлэх ёслолын ордон хавар, өвлийн улиралд бага, зун намарт ачаалал ихтэй ажилладаг аж. Мөн сайн өдрүүдэд 60-70, жирийн өдрүүдэд зуны цагт 10-20 хурим ёсолдог байна. 









Холбоотой мэдээ