Газар ашиглалтын гэрээ, төлбөрийн талаар мэдээлэл өгөхөөр тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-10 14:37:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 55 аж ахуйн нэгжийг хамруулсан сургалт, уулзалтыг зохион байгуулав.


Энэ үеэр хууль эрхзүйн актууд, анхаарч ажиллах хуулийн хугацааны талаар танилцууллаа. Ингэснээр урин цагт ашиглалтын ажил эхэлж буй карьер эрхлэгч аж ахуйн нэгжүүд хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа бичиг баримтын бүрдэл хангах, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлэхийг дэмжих юм.


Уулзалтад НМХГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл, мэргэжлийн холбоодын удирдлага оролцон, газар ашиглах гэрээ байгуулах, газрын төлбөр төлөх, хяналт шалгалтанд хэрхэн хамрагдах, нөхөн сэргээлтийг яаж төлөвлөх зэрэг үйл ажиллагаа явуулахад тулгамдаад буй асуудлаар асуулт, хариулт өрнүүлж, нэгдсэн ойлголт өглөө.


Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас аж ахуйн нэгжүүдтэй тусгайлан уулзалт зохион байгуулж, газар ашиглалтын гэрээ, төлбөрийн тухай аж ахуйн нэгж тус бүрээр мэдээлэл өгөхөөр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ