Бигэр сум энэ онд 2500 жимсний мод шинээр тарина

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-05-10 15:52:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Бигэр суманд ажиллаж, тус суманд улс, орон нутгийн төсвөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлын явц, төлөвлөгөөтэй танилцлаа. 

Мөн үеэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, 2021 онд хийсэн ажлын биелэлт, 2022 оны ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулсан юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг "Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил" төслийн хүрээнд Бигэр суманд энэ онд 120 айлын орон сууцны барилгын ажлыг “Макс-Өргөө” ХХК өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ онд уурын зуухны барилгын ажлыг хүлээн авснаар Нэгдсэн халаалтын системийн асуудал шийдэгдэж байгаа тухай онцлон танилцуулав. 

Бигэр сум нь Говь-Алтай аймгийн газар тариалан тэр тусмаа газар нутаг, цаг уурын онцлогоос хамааран жимс жимсгэнэ тариалах боломжтой. Иймд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Газар тариалан, жимс жимсгэнэ" төслийн хүрээнд тус суманд 2500 ширхэг жимсний модыг хүлээлгэн өгснөөс торниун алим 600, бэсрэг алим 850, чавга 400, үхрийн нүд 250, бөөрөлзгөнө 300 ширхэг байгаа аж.


Холбоотой мэдээ