Зуунмод сумын 90 хүүхэд чууллаа

ОРОН НУТАГТ | Төв
tuv@montsame.mn
2022-05-12 13:48:09

Төв /МОНЦАМЭ/ Зуунмод сумын “Хүүхдийн чуулган” болж Хүмүүн цогцолбор сургууль, 4, 5-р сургуулийн нийт 90 хүүхэд оролцлоо. Тус чуулганаар хүүхдүүд сургуулийн орчинд тулгамддаг асуудлуудаар хэлэлцүүлэг хийж, санал хүсэлтээ холбогдох албан тушаалтнуудад уламжиллаа. Мөн сурагчид өөрсдийн саналаар "Хүүхдийн элч" төлөөлөгчөөрөө  Зуунмод сумын ИТХ-ын дарга Гончигсүрэнгийн Мөнхбадралыг сонгов. Түүнчлэн Зуунмод хотын сурагчдын зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Та нар хүүхэд байж үзсэн 

Бид том хүн байж үзээгүй

Дунд анги болон ахлах ангийн сурагчдад үйлчлүүлэх чанартай хоолтой хоолны газар байдаггүй. Хэмжээ бага хэдий ч үнэ нь их байдаг. 

Сургуулийн жижүүрүүд ёс зүйн алдаа их гаргадаг. Жишээлбэл сургуулийн ойр орчимд тамхи татах хориотой хэдий ч сургуулийн жижүүрүүд татдаг. 

Сургуулийн ариун цэврийн өрөөний асуудлыг дурдах хэрэгтэй. Охидын ариун цэврийн өрөө хэрнээ цонх болон хаалганы түгжээ муу байдаг. Зарим нь бүүр цоожгүй ч байх тохиолдол бий. 

Багш нарын харилцаа хандлага их хэцүү. Заримдаа суралцах шаардлагатай билүү гэж хүртэл бодогдох үе байдаг. Багш нар биднийг дэмжих гэхээс илүү үргэлж дутуу үнэлж, бусдын өмнө доромжлох байдлыг гаргадаг. 

Хүүхдүүд бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүй. Номын сан бидний очиж болох ганцхан газрын нэг. Гэвч номын санд маш олон хүүхэд зорилгогүй ирэх нь бий. Ингэснээр бусдад төвөг учруулах, суралцах орчныг бүрдүүлж чаддаггүй. Ядаж л хүүхдүүд чөлөөт цагаараа очих газартай байсан бол номын сан руу олноороо цуглаж бусдыг үл хүндлэхгүй байх гэж бодож байна. 

Бүх нийтийн цэвэрлэгээг хүүхдүүд хийх шаардлагатай байдаг гэж үү? Бид бүхэн сайн дурын үндсэн дээр өөрсдөө санаачлаад хийж байгаа бол зүгээр хэдий ч албадлагын байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна. 

Сургуульд сэтгэлзүйчтэй байхыг хүсч байна. Эсвэл ядаж Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сэтгэлзүйчийг 7 хоногийн нэг өдрийг сурагчидтай ярилцаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг байлгамаар байна. 


Энэ мэт сурагчдын үзэл бодлыг нэгтгэхэд нийт 70 гаруй шаардлагатай асуудал хөндөгджээ. 


Холбоотой мэдээ