Гадаадын Элчин сайд, дипломат төлөөлөгчид “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэн оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-05-14 18:58:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих үйл ажиллагааны нээлт өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт боллоо. Энд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон манай улсад суугаа олон орны Элчин сайд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцов.

Мод тарих үндэсний хөдөлгөөнд 22 улсын Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, Монгол Улсын Соёлын элч, ГХЯ-ны албан хаагчид дахин нэгдэж, 2021 онд тарьсан моддыг арчилгаа, усалгааг хийж, шинээр мод тарих ажилд оролцов.




Налайх дүүрэгт эхэлж буй “Ногоон хот-Иргэний оролцоо” аяныг Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлон ажиллаж байна. Энэ хүрээнд энэ онд дүүрэг бүр 1.2 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн”-ийг дурдлаа.

Тэрбээр, монголчууд бид эрт дээр үеэс эх дэлхийгээ дээдлэн хүндэлж, мод тарих үйлсийг буянтай сайн үйлс хэмээн бэлгэшээж ирсэн ард түмэн. Тиймээс Та бүхнийг мод тарих арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, айл өрх, албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн хашаандаа мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ариун цагаан үйлсэд гар бие, сэтгэл, зүтгэл гарган оролцоорой” хэмээн УИХ, Засгийн газрын нэрийн өмнөөс уриаллаа.




Тус арга хэмжээнд ирсэн зочид, төлөөлөгчид “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй модыг шинээр тарьж, өнгөрсөн жил тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолтыг хийлээ. Налайхын иргэд хөдөлмөрчид тус цэцэрлэгт хүрээлэнд энэ амралтын өдрүүдэд 4800 мод тарихаар ажиллаж байна.





Холбоотой мэдээ