Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тоноглолтой 32 шинэ автобусыг нийслэлд авчирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-22 10:43:42
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан ч “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан саатаад байсан автобуснуудын эхний 32 автобусыг энэ 7 хоногт нийслэлд авчирсан байна. 


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр явж эхлэх уг автобуснуудын гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй юм. Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтайг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцоллоо.


Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор авчирч, үйлчилгээнд нэвтрүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар холбогдох албаныханд үүрэг болгожээ.



Холбоотой мэдээ