"Номын баяр"-ын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцов

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-23 15:07:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ жил улс орон даяар үндэсний бичиг соёл, номын баярыг нэгэн зэрэг тэмдэглэж байна. Баянхонгор аймгийн “Номын баяр”-ын үйл ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, аймгийн удирлагууд зэрэг албаныхан, зохиолч, уншигчид, хүүхэд багачууд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ: “Хүүхдүүдтэйгээ хамт уншицгаая, Илүү их уншъя гэдэг уриалгыг нийт иргэндээ дэвшүүлж байна. Уншдаг үндэстэн хөгждөг, Унтдаг үндэстэн мөхдөг гэдэг үг бий. Тиймээс хөгшин, залуу гэлтгүй өдөрт хамгийн багадаа 5 хуудас ном уншдаг байя гэж уриалж байгаа. Бичгийн мэргэд ихтэй, ном соёлоо дээдэлдэг түмний хувьд Хонгор нутгийнхныг хамгийн олон уншигчтай аймаг болох зорилт дэвшүүлээсэй, түүндээ хүрээсэй гэж бодож байна” хэмээн онцолж байлаа.

“Номын баяр”-ын үйл ажиллагаанд аймагтаа номын худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд хямдралтай худалдаа дэлгэж, Ерөнхий боловсролын сургуулиуд шилдэг ном бүтээлийн үзэсгэлэнг толилуулж байна. Мөн үеэр Нийтийн номын сангаас “Явуулын номын сан” ажиллуулж байгаа бол Баянхонгор аймгийн Зохиолчдын холбооны зохиолчид бүтээлээ биечлэн борлуулж, гарын үсэг зурж хамтдаа зургаа татуулж санал бодлоо солилцож байна. Түүнээс гадна Уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, аймгийн Музейн асар, Баянхонгор аймгийн Урчуудын холбооны уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэнгийн асрууд хөл ихтэй байна.

Энэ өдөр аймгийн Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийнхан номын архиваа дэлгэж, хэрэгцээт номоо үнэ төлбөргүй авах боломжийг уншигчдад олгож байгаа бөгөөд 1000 гаруй номоос үлдсэн хэсгийг аймгийн Нийтийн номын санд хандивлана гэдгийг ХҮИС-ийн захирал Б.Хишигбаяр хэлэв.