Дүрвэгсдийн багийг халуун дулаанаар хүлээн авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /NHK/. Олимпын наадамд оролцох дүрвэгсдийн багийг Рио-Де-Жанейро хот дахь тамирчдын хотхонд халуун дулаанаар хүлээн авлаа.
Олон улсын олимпын хороо 10 гишүүнээс бүрдэх дүрвэгсдийн багийг бүрдүүлснээрээ Олимпын түүхэнд байгаагүй алхам хийсэн юм. Энэ алхам нь улс орноосоо дүрвэсэн тамирчдад дэлхийн чанартай тэмцээнд өрсөлдөх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
Уг баг Африк, Ойрхи Дорнодоос ирсэн усан сэлэлтийн хоёр, жүдогийн хоёр, гүйлтийн зургаан тамирчдаас бүрдэж байна. Тэд өчигдөр Олимпын хотхонд хүрэлцэн очсон бөгөөд олон орны хэдэн зуун тамирчид тэднийг хүлээн авчээ.
Дүрвэгсдийн багт хүндэтгэл үзүүлж, Олимпын далбааг өргөж, Олимпын сүлд дууг явуулах үед цугласан олон алга ташиж тэдэнд баяр хүргэжээ. Үүний зэрэгцээ энэ арга хэмжээнд Балба, Парагвай болон бусад 3 орны төлөөлөгчид оролцсон байна.
Дүрвэгсдийн багийн менежер Тегла Лорупе нийтийн самбар дээр өөрийн илгээлтээ бичиж, хүн бүрийн төлөө амар амгаланг хүсчээ.
Д.Нямтулга