“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөлд 1500 бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчийг хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-31 15:56:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгч, борлуулагч нарын чадавхыг бэхжүүлэх, ногоон зээл авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий  “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн нээлт энэ сарын 27-нд боллоо.


Төслийн нээлтэд Европын холбооны Төлөөлөгчийн газар, Монгол Улсын холбогдох төрийн байгууллагууд, бичил, жижиг, дунл үйлдвэрлэл эрхчлэгчид, ТББ-уудын төлөөлөгч оролцож, хөдөө аж ахуй, хүнсний тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөллийн талаар  ярилцлаа. 


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх засгийн газар хоорондын комисс (IPCC)-ын тайланд эдийн засгийн бараг бүх салбараас ялгарч буй хүлэмжийн хий түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрч байгаа нь дэлхийн нийт эрдэмтэн, иргэдийн санааг зовоосон асуудал болжээ.  НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (UN’s FAO)-ын 2019 оны тайланд дурдсанаар нийт нүүрсхүчлийн хийн ялгарлын 21 хувь, метаны 53, азотлаг ислийн хийн 78 хувь хөдөө аж ахуй, хүнсний салбараас үүдэлтэй байна.


Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, “Хүлэмжийн хийн ялгарал, байгалийн нөөц ашиглалтаараа жин дарж, биологийн төрөл зүйлийн алдагдалд хүргэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тул хүнс үйлдвэрлэлийн системээ дахин загварчлах шаардлага үүсэж байна.  Тиймээс бид хамтран ажиллаж, оролцогч талууд, ялангуяа өртгийн сүлжээний эхэнд ажиллагсад эдийн засгийн үр шимээ шударгаар хүртэх нь нэн чухал юм” хэмээв. 


Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа 1.76 сая еврогийн санхүүжилттэй “Эдийн засгийн ногоон шилжилт төсөл” нь хөдөө аж ахуй, хүнс, ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 1500 бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч, 30 бизнесийн холбоо, 750 борлуулагчийг тогтсон хэв маягаа өөрчлөн чадавхжих, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болоход дэмжиж, баталгаажсан эко тэмдэг олгох юм.


Хөгжлийн шийдэл байгууллагын төслийн менежер Б. Хишигсүрэн, “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл одоо хэрхэн яаж сайн, тогтвортой ногоон бизнес хийх вэ гэдэгт чиглэнэ. Монголын жижиг дунд бизнесийнхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа зөв дадал хэвшүүлснээр хүлэмжийн хийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой” гэлээ.


“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжсэнээр түүхий эд бэлтгэгчээс эцсийн хэрэглэгчид хүртэл бүгдээрээ байгаль орчинд ээлтэй сонголт хийдэг болж өөрчлөгдөн эх орон маань илүү ногоон ирээдүй рүү чиглэн хөгжинө” хэмээн Каритас Чех байгууллагын төслийн зохицуулагч Г.Буян-Өлзий дурдлаа.


Монгол Улсын 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгарлыг 22.7 хувиар бууруулах үндэсний хөгжлийн зорилтыг биелүүлэхэд дэмжих үүднээс Свич Эйшиа хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа энэ төслийг Пипл Ин Нийд, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Хөгжлийн шийдэл ТББ, Каритас Чех Репаблик ТББ хамтран хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ