47 дахь долоо хоног: Саудын Араб АНУ-ын гол холбоотон болов

ТОЙМ
Jargal.d@montsame.mn
2025-11-22 12:14:27

УЛААНБААТАР, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж АНУ-д айлчилж, Газын зурвасын талаарх Д.Трампын төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталж, Мескик, Филиппинд эсэргүүцлийн жагсаал болжээ. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Эпштейнтэй холбоотой бүх баримт бичиг ил болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч, нөлөө бүхий санхүүч агсан Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгохыг Хууль зүйн яаманд даалгасан хуульд гарын үсэг зурлаа.   


Бүгд найрамдах намынхан баримт бичгийг ил болгохыг шаардаж байсан MAGA хөдөлгөөнийхний хүчтэй шахалт дор энэхүү хуулийн төслийг дэмжлээ.  Трамп 2004 оны орчимд Эпштейнтэй түнжин хагарахаасаа өмнө түүний гэмт хэргүүдийг мэдэж байсан тухай таамаг, цуурхал тархаж байсан тул (Эпштейнд анх 2008 онд ял оноосон) тэрбээр санал хураалтыг  явуулахыг зогсоохыг хэдэн сарын турш оролдсон юм.


Саудын Араб АНУ-ын гол холбоотон болов

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж, Ерөнхий сайд Мухаммед бен Сальман Аль Сауд долоон жилийн дараа АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочиллоо.

Ерөнхийлөгч Трамп Саудын Арабад F-35 сөнөөгч онгоцыг нийлүүлнэ гэж мэдэгдэж, тус улсыг НАТО-гийн бус гол холбоотнуудын тоонд албан ёсоор оруулсныг зарлав. Тэрбээр мөн хунтайж Мухаммед 2018 онд сэтгүүлч Жамал Хашоггийн амийг хөнөөсөн талаар "юу ч мэдээгүй байсан" гэж мэдэгдлээ. 2021 онд нийтлэгдсэн АНУ-ын тагнуулын байгууллагын тайланд "сэтгүүлчийн амийг хөнөөх ажиллагааг хунтайж зөвшөөрсөн" гэж дурдсан байдаг. Харин бен Салман үүнийг үгүйсгэсээр ирсэн юм.


Газын зурвасын талаарх төлөвлөгөөг баталлаа

Газын зурваст олон улсын цэргийн хүч байрлуулах асуудлыг тусгасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын энхийн төлөвлөгөөний тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталлаа. Харин ХАМАС бүлэглэл уг тогтоолыг эсэргүүцсэн бол Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС-ыг Газын зурвасаас хөөн гаргахыг уриалсан байна.  Үүний зэрэгцээ Герман улс Израил руу зэвсэг нийлүүлэлтээ  сэргээлээ. Газын бүсэд гал зогсоосон нь нөхцөл байдлыг тогтворжуулсан гэж Берлин мэдэгдэв. Герман бол Израилд зэвсэг экспортлогч хоёр дахь том улс бөгөөд наймдугаар сараас нийлүүлэлтээ түр зогсоогоод байсан юм.


Украины дайныг зогсоох шинэ төлөвлөгөө боловсруулжээ

Америк, Орос хоёр Украинд зориулж 28 заалт бүхий энхийн төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл барууны хэвлэлүүдэд энэ долоо хоногт гарлаа. Уг төлөвлөгөөний нарийн ширийн зүйлсийн талаарх мэдээлэл хомс байгаа боловч Оросын аль хэдийнээс тавьж ирсэн олон шаардлагыг багтаасан бололтой. Энэ мэдээллийг гарахаас өмнө В.Зеленский Парист Эммануэл Макронтой уулзаж, ирэх 10  жилийн хугацаанд Францаас 100 ширхэг Dassault Rafale сөнөөгч онгоц худалдаж авах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 



ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын засгийн газрын тэргүүн нар уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 24 дүгээр хурал ОХУ-ын нийслэл Москва хотод боллоо. Энэ удаагийн хурлаар дэлхийн эдийн засгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, мөн ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх арга замуудыг хэлэлцэв. Мөн байгууллагын үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, практик хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг гол асуудлуудын талаар санал солилцсон байна. Өргөтгөсөн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. 




Z үеийнхний жагсаал Мексикт боллоо

Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын гэмт хэрэг, авлигатай тэмцэх бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Мехико хотод 100 орчим цагдаа, 20 орчим энгийн иргэн гэмтэж шархаджээ. Generation Z Mexico хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаал Мексик даяар болсон бөгөөд Мадагаскар, Балба, Перу зэрэг оронд болсон Z үеийнхний жагсаал гэгдэж буй цуврал жагсаалуудын сүүлийнх нь боллоо.



Хятад, Японы харилцаа хамгийн доод цэгтээ хүрч муудав

Японы шинэ ерөнхий сайд Такаичи Санаэ "Тайванийн эсрэг аливаа халдлага нь Японд мөн аюул учруулна" гэсэн агуулгатай мэдэгдэл хийсний дараа Хятад, Японы харилцаа сүүлийн хэдэн жилийн хамгийн доод цэгтээ хүрч муудлаа. Хятадын засгийн газар хатагтай Такаичиг тайлбараа буцаахыг уриалсан бол тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг буруутгасаар байна. Хурцадмал байдал даамжирч буй энэ үед Хятад Улс иргэддээ хандан Япон руу аялахгүй байхыг зөвлөлөө. Японы засгийн газар мөн Хятадад байгаа иргэддээ олон нийтийн газар гадуур гарахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.


Nvidia компанийн тайлан хөрөнгө оруулагчдыг тайвшруулав

Технологийн компаниудын хувьцаа унаад байгаа үед Nvidia-гийн улирлын орлогын тайлан хөрөнгө оруулагчдыг бага зэрэг тайвшрууллаа. Хиймэл оюуны чип үйлдвэрлэгч тус компанийн орлого өнгөрсөн оныхоос 62 хувиар өсөж, 57 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг нь 31.9 тэрбум ам.доллар болж, 65 хувиар өсжээ. Тайлан нийтлэгдсэний дараа Nvidia-гийн хувьцааны ханш огцом өссөн байна. Сүүлийн сард тус компанийн хувьцаа бараг өсөөгүй юм. Одоо Nvidia-гийн зах зээлийн үнэлгээ 4.5 орчим их наяд доллар байгаа бөгөөд энэ нь аравдугаар сарын сүүл үеийн үнэлгээнээс 5 их наяд доллароор буурсан үзүүлэлт юм.



Хөрөнгийн зах зээл сурлав
Хиймэл оюун ухааны технологи ашиглагч компаниудын хувьцаа хэт өндрөөр үнэлэгдсэн байж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас хөрөнгийн зах зээл суларч байна.
Oracle компанийн үнэлгээ есдүгээр сараас хойш 30 хувиар буурчээ. Тус компани есдүгээр сард үүлэн үйлчилгээний гэрээний тоо огцом өссөн, мөн OpenAI компанийн дата төвийн хүчин чадлийг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулснаа мэдэгдэж байв. Amazon, Meta, Palantir зэрэг технологийн томоохон компаниудын хувьцаа 11 дүгээр сарын эхнээс буурсан байна.


Шүүхийн шийдвэр Meta компанийн талд гарав
Вашингтон хот дахь холбооны улсын шүүгч "Meta компани Instagram болон WhatsApp-ийг худалдан авсан нь өрсөлдөөний эсрэг хуулийг зөрчөөгүй" гэж шийдвэрлэлээ. Ингэснээр таван жилийн өмнө тус компанид хэрэг үүсгэж байсан Худалдааны комиссын хувьд том цохилт болов. Meta өмнө нь монополь байсан эсэхээс үл хамааран өнөөдөр засгийн газар үүнийг нотолж чадаагүй гэж шүүгчийн шийдвэрт дурджээ. Энэ оны эхээр болсон шүүх хурлын үеэр Meta компани салбарын өрсөлдөөн хэр ширүүн байгааг харуулахын тулд TikTok зэрэг бусад нийгмийн сүлжээний гэрч нарыг оролцуулсан байна. 

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын томоохон тэмцээн болох “StarLadder Budapest Major 2025” Унгарын Будапешт хотод 11 дүгээр сарын 24-нд эхэлнэ.
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр 11 дүгээр сарын 25-нд тохионо
  • Эмэгтэйчүүдийн хандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 26-нд эхэлнэ. Тус тэмцээнийг Герман, Нидерланд улсууд хамтран зохион байгуулна.
  • Талархлын баярыг 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт буюу 11 дүгээр сарын 27-нд тэмдэглэнэ.
  • ФИФА-гийн эмэгтэйчүүдийн футзалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппинд үргэлжилнэ.
  • Киргизийн парламентын ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 30-нд болно.
Холбоотой мэдээ