Отгонтэнгэрийг тольдох Голын хүрээний түүх

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-03 14:09:30

Завхан/МОНЦАМЭ/. Монголыг даадаг гэх Очирваань, Отгонтэнгэр хайрхны өмнө орших Голын хүрээ хэмээх хурлын газар нь аялагчдын сонирхон очдог газруудын нэг юм.

Сайн ноён аймгийн Хошууч мэргэн засгийн хошуу, одоогийн Завхан аймаг Отгон сумын Буянт багийн төвд Голын хүрээ хэмээн алдаршиж байсан энэхүү хурлын газар оршиж байжээ. 1832 онд 10 гаруй ламтай, хоёр дуган, нэг сүмтэй байгуулж байсан түүхтэй. Энэ хурлын газар нь 1930-аад оны үеийг хүртэл 20 шахам лам сууж байнга ном хурдаг, хурлын газар байжээ. Хүрээний төв, Голын хүрээ гэх мэтээр нэрлэгдэж байсан аж. 1930-аад оны үеэс тодорхой бус шалтгааны улмаас лам нарын тоо цөөрч, зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд 6-10 лам цуглаж ном хурдаг. Бусад үед зөвхөн тахилч лам, мөнх зултай ном хурдаг байв. 1937 онд уг хурал бүр мөсөн хаагдсан бөгөөд үлдэж хоцорсон хоёр дуган нь 1950-иад оны дунд үеийг хүртэл байжээ.

1950 оноос хойш энд, Отгон сумын Буянт багийн төв төвлөрөн байрлах болсон тул дуганыг нутгийн иргэд амбаар, сав болгон ашиглаж байснаа хожим нь нураажээ. Одоо дуганы туурь мэдэгдэхгүй бөгөөд багийн төвийн барилга айлуудын хашаа хороотой нийлжээ. Харин 1990-ээд оны үед нэг дуган байсан туурь дээр нь Отгон сумын уугуул Батмэндийн Дугаазаан гэдэг хүн өөрийн хүч хөрөнгөөр 4х5 метр жижиг хэмжээний модон сүмийг барьжээ. Энэ сүм нь одоогоор дотроо бурхан тахилын зүйл байхгүй бөгөөд үүсгэн байгуулагч нь жил бүр ирж мөнхийн зул хүж өргөдөг. Отгонтэнгэр хайрхныг зорин ирдэг, сүсэгтэн, аялагчид дээрх дуганы түүхийг мэдэж сонссоноор, мэдэгдэх төдий үлдсэн хурлын газар, дуганы туурь бүхий газарт ирж сүсэглэн залбирах болсон тухай Отгон сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ