Японы супер компьютер дэлхийн хамгийн хурдан компьютер байхаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-06-03 16:22:48

ТОКИО. /Yomiuri/. Америкийн “Frontier” дэлхийн хамгийн хурдан супер компьютер болж, Японы “Fugaku”-гийн урд орлоо гэж "Yomiuri" сонин мэдээлжээ.


Ийм шийдвэрийг супер компьютер судлаачдын олон улсын бага хурлын мэргэжилтнүүд гаргасан байна. Мэргэжилтнүүд TOP-500 компьютерын жагсаалтыг жилд хоёр удаа шинэчилдэг. 


Жагсаалтын нэгдүгээрт орсон Америкийн “Frontier” секундэд 1102 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг ажээ. Харин “Fugaku” нь секундэд 442 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Жагсаалтын гуравдугаарт, Финландын “LUMI” супер компьютер бичигджээ. “LUMI” нь секундэд 151 квадриллион үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай юм.


Японы “Fugaku” хоёр жил дараалан дэлхийн хамгийн хурдан компьютерт тооцогдож байв. Шинжээчдийн хэлснээр, уг машин нь аж үйлдвэрийн хэрэглээнд ашигладаг тооцооллын боловсруулалтын хурдыг хэмждэг “HPCG”, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх хүчин чадлын хэмжүүр болох “Graph500” гэсэн Топ-500- гийн хоёр үнэлэмжид хоёрдугаар байр руу доошилжээ.


“Fugaku”-г “Fujitsu” корпорац Японы байгалийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран бүтээжээ. Төхөөрөмжийг япончуудын хувьд ариун дагшин Фүжи уулын нэрээр нэрлэсэн байна.


“Frontier” буюу “OLCF-5” нь 2022 онд АНУ-ын "Ок-Риж" үндэсний лабораторид ашиглалтад орсон супер компьютер юм. Энэ нь 1 000 петафлоп буюу 1 экзафлоп (exaflop) хурдтай АНУ-ын анхны супер компьютер болжээ.

Холбоотой мэдээ