Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-08 12:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан байна.


Тогтоолоор уг компанийн харъяанд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийг оруулахаар шийдвэрлэсэн байна. Тус компанийн харьяа компаниудад ТУЗ-ийн нийт 207 гишүүн байдгийг 27 болгож бууруулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгожээ.


Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлийн хурал хийхдээ, “УУХҮЯ-наас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулсан. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байгаа. Уг хуулийн төсөлд “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бүрэлдэхүүн, удирдлага, гүйцэтгэх удирдлага, ТУЗ, үйл ажиллагааны стратеги, чиглэлийг онцгойлон зааж өгсөн. Учир нь энэ хуулиар “Эрдэнэс Монгол” компани нь үндэсний баялгийн сан болно. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийг “Эрдэнэс Монгол”-ын харьяанд оруулснаар энэ аж ахуйн нэгж нэгдсэн “Холдинг компани”-ийн хэлбэрт орж байгаа юм. Ингээд тус компанийн харьяа компаниудыг зэс, метал болон нүүрс, эрчим хүчний групп гэж хоёр бүлэгт хуваасан. Улмаар нүүрсний уурхайнуудыг нэг, зэс, металийн компаниудыг нэг ТУЗ удирдах юм. Энэ нь зардлыг хэмнэж, үйл ажиллагааны уялдааг бий болгоно” хэмээв. 


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Прокурорын тухай хуульд оруулах бусад өөрчлөлттэй хамт нэг мөр цогцоор шийдвэрлэх үүднээс буцаан татахаар тогтлоо.  

· “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

· Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвецид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

· Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад баримтлах журмыг баталлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд