С.Амарсайхан: Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-08 13:18:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10-13-нд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Өөрөөр хэлбэл, бүх аймаг ирэх сарын 10-13-нд баяр наадмаа тэмдэглэх юм. Харин хурдан морины бүсийн уралдааныг ирэх сарын 29-30-нд зохион байгуулахаар товложээ. Гэхдээ тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны долдугаар сарын 29-31-нд тус тус зохион байгуулна.


Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болно. Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.


Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож буй юм байна.


Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Соёлын яамнаас ойрын хугацаанд Үндэсний их баяр наадмын хуваарийг олон нийтэд танилцуулах аж.


Шадар сайд С.Амарсайхан, “Энэ жил Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд, “Улаанбаатарын үдэш” тоглолт Хүй долоон худагт, Төрийн их ёслол, хүндэтгэлийн тоглолт Сүхбаатарын талбайд болно. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад зориулж Улаанбаатар хотын төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгасан. Түүнчлэн энэ жил дүүргүүд боломжтой бүх гудамж, талбайд нийтлэг үйлчилгээг бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр иргэд хотын захаас Төв цэнгэлдэхэд ирж наадмын хуушуур идээд буцдаг асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Наадмын нээлтийн тасалбарыг цахимаар олгох ажлыг ЦХХХЯ хариуцаж байгаа” хэмээв.

Холбоотой мэдээ