Рио-2016: Жүдоч Майлинда Келменди Косовогийн Олимпын анхны аварга болов
ДЭЛХИЙН МЭДЭЭРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Майлинда Келменди жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Косовод Олимпын анхны алтан медалийг авчран түүхэнд нэрээ мөнхөллөө.
Косово нь Олимпод анх удаагаа оролцож байгаа бөгөөд тус улсын тусгаар тогтнолыг одоогоор НҮБ-ын гишүүн 100-аад улс хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Италийн жүдоч Одетт Гюффрида-г Олимпын аваргын төлөөх барилдаанд Келменди “юко” үнэлгээгээр ялсан байна.
Олон улсын Олимпын хороо Косово-г Риогийн Олимод оролцохыг 2014 оны 12 дугаар сард албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм.
“Би, дасгалжуулагч болон манай улсын ард түмэн бүгд баяртай байна. Косово Олимпод анх удаагаа оролцож байна. Анхны алтан медалийг би улсдаа авчирч чадлаа. Бид үнэхээр баяртай байна” гэж Келменди ярилаа.
Энэ жинд Японы Мисато Накамүра болон Оросын Наталья Кузютина нар хүрэл медаль хүртжээ.
Риогийн Олимпын хоёр дахь өдөр болсон олныг алмайруулсан өөр нэг жүдоч нь Италийн Фабио Базиле байлаа.
Тэрбээр эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг Өмнөд Солонгосын жүдоч Ан Баулыг “иппон” үнэлгээгээр буюу цэвэр ялан Олимпын аварга болсон юм.
Энэ жинд Японы Масаши Эбинүма болон Узбекистаны Ришод Собриров нар хүрэл медаль хүртсэн.
Г.Доржханд