Монголын бүргэдчдийн дэлгэрэнгүй судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-10 16:42:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Казах шувуулахуйн холбоо" төрийн бус байгууллагаас Монголын бүргэдчдийн дэлгэрэнгүй судалгааг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн хийж байна.

Уг ажилд зориулж Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж.

Судалгаанд Баян-Өлгий, Ховд болон бусад аймаг дахь цармын бүргэд гаршуулан тэжээж байсан, одоо тэжээж буй иргэдийг хамруулах ба бүргэдчдийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, он дарааллын бичиг хөтлөх, цуглуулсан мэдээллийг үндэслэж "Казах шувуулахуйн түүхэн товчоо" ном болгон хэвлүүлнэ.

Ташрамд сануулахад, Монголын казахууд нүүдэлчдийн бүргэдээр ан авлах эртний уламжлалыг хадгалж үлдсэнээрээ онцлогтой. Эдүгээ ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн бүргэдийг гаршуулан дасгах, сургах, ан авлах урлагийг Монгол Улсын аялал жуулчлалын гол үйл ажиллагаануудын нэг болгож хөгжүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ