Гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах боломжийг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-15 17:05:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.


Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх 18 насны хүүхдэд олгох санхүүгийн дэмжлэгийг 2023 оноос үе шаттай нэмэх, эмчилгээний зардлыг төрөөс хариуцах боломжийг судалж 2022 онд багтаан Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгож буй юм. Мөн аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2023 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган үе шаттайгаар суулгахыг чиглэл болгосон байна.


Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав. УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100 000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1 000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1 000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах зорилт тусгасан.


Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ. Ажлын баг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.


Удирдамжийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг, нярайн тасаг эхчүүдийн амрах өрөө болон эх баригч, сувилагчидтай уулзалт зохион байгуулж, “Интермэд”, “Гурван гал”, “Таны төлөө бид” эмнэлгийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн болон Баян-Өлгий аймаг, Төв аймаг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцахаар тусгасан байна.

Холбоотой мэдээ