Дайн, хүчирхийллээс зугтсан хүний тоо өнгөрсөн онд 8 хувиар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар дайн, хүчирхийллийн улмаас дүрвэсэн хүмүүсийн тоо 2021 онд 8 хувиар нэмэгдэж, 89.3 саяд хүрсэн байна. Энэ тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурджээ.
"Сүүлийн 10 жилд орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд ийм статистик мэдээ хөтөлж эхэлснээс хойш одоо хамгийн өндөр түвшинд хүрээд байна" гэж тайланд дурджээ. "2021 оны эцэс гэхэд дайн, хүчирхийлэл, хавчлага, хүний эрхийн зөрчлөөс зугтсан хүний тоо 89.3 саяд хүрсэн нь жилийн өмнөхөөс 8 хувиар нэмэгдсэн тоо бөгөөд арван жилийн өмнөх үзүүлэлтээс хоёр дахин их байна" гэж шинжээчид тэмдэглэсэн байна.
Тайланд дурдсанаар, 2021 онд 27.1 сая хүн улс орноосоо дүрвэж, 4.6 сая хүн түр оршин суух эрх хүссэн бол, 53.2 сая хүн дотооддоо дүрвэжээ. Үүнээс гадна, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар эх орноо орхин явсан 4.4 сая венесуэлчүүдэд тусламж үзүүлдэг бөгөөд тэднийг статистик мэдээлэлд тусдаа ангилалд оруулдаг аж.
Өнгөрсөн онд Турк улс хамгийн олон буюу 3.8 сая дүрвэгч хүлээн авсан бол тус улсын дараа Уганда (1.5 сая хүн), Пакистан (1.5 сая), Герман (1.3 сая) орж байна.
2021 онд 5.7 сая гаруй хүн оршин суугаа газартаа буцаж ирсний 5.3 сая нь дотооддоо дүрвэгсэд, 429.3 мянга нь хилийн чанадад дүрвэгсэд байжээ.