Цэрэг, эх оронч хүмүүжил олгох "Дөл" тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-16 21:36:29

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын ивээл дор цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх. Тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор “Дөл” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Цэрэг-спортын “Дөл” аймгийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн найм дахь жилдээ болж байна. Энэ тэмцээнд Улиастай, Тэс, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл сумын 9 багийн 130 гаруй сурагч оролцож оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Өнөөдөр жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээнүүд боллоо. Мөн эсээ бичлэгийн уралдаан, галын бэлтгэлийн норматив, асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгаврын тэмцээнийг мөн явууллаа.

Харин 17-ны өдөр марш, гүйлтийн тэмцээнээр үргэлжилнэ. Багууд гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн норматив гэсэн долоон дасгалаар өрсөлдөнө. Ингээд шилдэг таван багийг шалгаруулж урамшуулах бөгөөд шилдгийн шилдэг баг аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилжин явах цом”, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулах юм. Түүнчлэн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн баг бүрийн шилдэг хүүхдүүдийг улсын хилийн баганад аялуулах эрхээр шагнана гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсээс мэдээлэв. 






Холбоотой мэдээ