АРХАНГАЙ: Н.Энхгэрэл: Цэцэг тарьдаг хүүхэд хэзээ ч байгаль сүйтгэхгүй

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-06-17 15:42:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт "Цэцэгт Архангай" аяныг сургуулийн сурагчдын дунд өрнүүлж байна. Энэ талаар аяны зохион байгуулалтыг хариуцаж буй аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Н.Энхгэрэлтэй ярилцлаа. 


-"Цэцэгт-Архангай" аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Архангай аймаг байгалийн үзэсгэлэн цогцолсон олон сайхан газар, уул, ус ургамалтай нутаг. Аймгаараа айл, албан газрууд нь цэцэг алагласан байгаасай гэсэндээ “Цэцэгт-Архангай” гэж нэрлэсэн. Энэ жилийн хувьд туршилтаар сургуулийн сурагч бүрийг цэцэг тарих, ургуулах, арчлах чадварт сургах, анги танхим, сургуулийн орчныг цэцэгжүүлэхэд анхаарсан. Дараа жил бүх сургууль, цэцэрлэг, албан газрууд хамрагдаж  “Цэцэгт Архангай” болно.

 

- Хүүхдүүдийн оролцоо хэр байв?

-Хүүхдийг багаас нь цэцэг ургамал тарьж, арчилж сургах нь хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлж, аливаа юмсыг хайрлах сэдэлтэй болгодог. Эрдэнэбулган, Цэнхэр, Ихтамир, Булган сумын ерөнхий боловсролын 9 сургуулийн 3-11 дүгээр ангийн 6403 сурагч хамрагдсан. Ирээдүй сургуулийн цэцэрлэгийн хүүхдүүд ч идэвхтэй оролцож байна. Сурагчид хөрсөө өөрсдөө бэлтгэж, цэцэг тарих, анги танхим сургуулиа цэцэгжүүлж байгаа байдал цэцгийн ач тусын талаар мэддэг болж, сурагч бүр цэцэг тарьсан. ”Цэцэгт Архангай” фэйсбүүк бүлгэмийг ажиллуулж, сурагчид багштайгаа хамтран хэрхэн ажиллаж байгаагаа тогтмол мэдээлж байгаа. Сургуулийн орчинд төдийгүй Лаборатори I сургуулийн сурагчид музей, Булган уулын орчимд өөрсдөө цэцгийн мандал байгуулж, тарьсан цэцгээ суулгасан байна. Энэ талаар “Цэцэгт Архангай” бүлгэмээс харж болно.

 

-Та бүхний зүгээс хүүхдүүдийн сэтгэл ханамжийн байдалд үнэлэлт өгч амжсан уу?

-Тийм шүү. Хүүхэд бүхэн цэцэг тарих аргад суралцан, өөрөө  ургуулсан цэцгээ хараад их баяртай байна. Хүн бүхэн цэцэг, мод тарих дуртай болжээ. Гол нь ургуулах арчлах чухал. Цэцэг тарьдаг хүүхэд хэзээ ч байгаль сүйтгэхгүй.


-Үр, үрсэлгээгээ хаанаас авч байгаа вэ?

-Сургууль бүрд цэцгийн үрийг нь аймгийн ЗДТГ-аас өгсөн. Сурагчид биологийн багштайгаа хамтран, нэг удаагийн аяга, ундаа, сүүний савыг дахин ашиглан, үрсүүлэн ургуулж байна. I, II, III, IV, V, Ирээдүй сургуулиуд болон Цэнхэр, Булган сумын сурагчид үрслүүлэн мандлын цэцгээ гадаа  ургуулж байна.

Сургуулийн байгаль шинжлэлийн багш нар байгаль орчныг хамгаалах уламжлалт болон орчин үеийн арга ухаан, зан үйл, зөв хандлага, мод, сөөг, мандлын болон тасалгааны цэцэг, зүлэг тарих, цэцэрлэгжүүлэлт, х ог хаягдлыг багасгах, аяга, ундаа, сүүний савыг  дахин ашиглах талаар гэх мэт сургалт, сурталчилгааг зохион байгуулсан.

 

-Хэдэн төрлийн ямар цэцэг, ургамал тарьж байгаа вэ?

-“Нархан”, “Хаврын дуу” цэцгийн холимог, арслангийн нүд цэцгийн холимог үр зэрэг 17 төрлийн 5000 шахам цэцэг тарьж байна. Сургууль бүр өөр өөр цэцэг тарьж байгаа. Ирэх жил гэхэд ахиад тарих цэцгийн үртэй болно.


-Аяны төгсгөлд хамгийн бүтээлчээр оролцсон сургуулийг яаж урамшуулах вэ?

-“Нэг сурагч - нэг цэцэг” аяны хүрээнд багш, ажилтан, сурагчийг идэвхтэй оролцуулж, сайн зохион байгуулсан сургуулийг шалгаруулан I-III байр эзлүүлнэ.

Нийт шагналын сан 2.3 сая төгрөг. Уралдааныг дүгнэхдээ сургуулийн ирүүлсэн тайланг үндэслэн дүгнэж, хамгийн сайн зохион байгуулсан гурван  сургуулийн хийсэн ажлыг газар дээр нь үзэж, байр эзлүүлнэ.

“Нэг сурагч–нэг цэцэг” уралдааны шагналыг 10 дугаар сард зохион байгуулах олон улсын багш нарын баярын өдрөөр гардуулна.

 

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй холбож ойлгож болох уу?

-Болно.

-Аяны ирээдүй, хэтийн зорилго юу вэ? 

 -Энэ жилийнх их ажлын  эхлэл. Улам өргөжин аймгаараа өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.