ГОВЬ-АЛТАЙ: Элсний нүүдлийг сааруулах зорилгоор мод, бутлаг ургамал үрслүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-23 15:22:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөхморьт сумын төвийн орчим дахь элсний нүүдлийг сааруулах зорилгоор ил талбай болон хүлэмжид говь цөлийн бүсийн уур амьсгалд тохирсон мод, бутлаг ургамал үрслүүлж байна. 


Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол элсний УТХГН-ийн  хамгаалалтын захиргаа хамтран Хөхморьт сумын төвийн орчим дахь элсний нүүдлийг сааруулах зорилгоор 70 га талбай болон 12х6 метр талбай бүхий хүлэмжид говь цөлийн бүсийн уур амьсгалд тохирсон мод бут үрслүүлж байна. Үүнд: Алтайн харгана, жигд, агч, голт бор, хайлаасны нийт 1499 бортого, Ховдын цагаан бургас, сухай, улиас, бургас зэрэг 8 төрлийн 5050 мод бутлаг ургамлын үрсэлгээг ил талбайд үрслүүлсэн нь нахиалалт, соёололт жигд, хэвийн явагдаж байгаа тухай мэдээллээ. Хүлэмжид агч, жигд, хайлаас, алтайн харгана зэрэг мод, бутлаг ургамлын үрсэлгээг бортогоор хийж, арчилгаа тордолтыг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, мэргэжилтэн нар гүйцэтгэж байгаа аж.

-“Хашаалсан талбайд сул элсний нүүлтийг сааруулах зорилгоор сулины иш, зэгс сүрэл зэрэг байгалийн гаралт материалыг ашиглан механик хамгаалалт хийсэн нь ургамлын бүрхэц сайжирч үр дүнгээ өгсөөр байна. Элсэн хуримтлал 35-40 см зузаан, 5-8,0 м орчим хунгар хүчтэй шороон шуурганы нөлөөгөөр тогтож байна.  Мөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбар, ДБХС(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ил талбайд бургас, сухай, улиас зэрэг модны харандаан суулгацаар үрсэлгээ бэлтгэх ажлыг хэрэгжүүлж, улсын хэмжээнд өрнөж буй тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Хамгаалалтын захиргааны хамт олон орон нутгаас жил бүр хайлаасны үр түүж, бортогоор үрсэлгээ бэлтгэж орчны бүсийн сумдын иргэдэд тарьц суулгац бэлтгэн нийлүүлэх ажлыг эхлүүлээд байгаа тухай Монгол элсний УТХГН-ийн  хамгаалалтын захиргаанаас танилцуулсан юм.

Түүнчлэн Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Халзан булаг хэмээх газар ойн төгөл байгуулахаар болжээ. Тодруулбал, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин аймгийн Засаг даргын санаачилсан "108 сая мод тарьж, ургуулах" аяны хүрээнд Хөхморьт сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран Халзан булаг хэмээх газар ойн төгөл байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Мод тарьж, ургуулах аяны хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хөхморьт сумын ЗДТГ хамтран сумын хэмжээнд цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг багасгах зорилгоор Хөрс, усны иж бүрэн судалгааг хийж, мод, ургамал тарих зохистой газрыг тодорхойлохоор ажиллаж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэр нь 2019 оны судалгааны үнэлгээгээр 61,7 хувиар цөлжилтийн байдалтай үнэлэгджээ. Улмаар хүчтэй шороон шуурга, салхины нөлөөгөөр нүцгэн элсэн манхан, хуримтлалууд үүсч, бэлчээрийн ургамал элсэнд дарагдан цөлжилт ихэссэн нь малчдад болон төв суурингийн оршин суугчдад сөргөөр нөлөөлөх болсон байна. Иймээс 2020 онд цөлжилтийг  бууруулах  зорилт арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-аас Хөхморьт сумын төвийн элсний нүүлтийг сааруулах зорилгоор 20,0 га талбайд механик хамгаалалт хийх ажлыг эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд 210м өргөн зурвасаар 1000м урт газарт 4 үе эгнээ бүхий хамгаалалтын зурвасыг элсэн хуримтлал үүссэн талбайд энгийн байгалийн гаралт материалууд ашиглан гүйцэтгэсэн байна. Элсний механик хаалт хийснээр элсний нүүлтийг сааруулах, ургамлан бүрхэвчийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой аж.


Холбоотой мэдээ