“I LOVE BARUUN-URT” ‪аяныг хот даяараа өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:07:19

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын залуучууд санаачлан “I LOVE BARUUN-URT” #ХогBucketChallenge аяныг хот даяараа өрнүүлж эхэлжээ. 

Сүхбаатар аймаг сүүлийн жилүүдэд Улсын Тэргүүний аймгаар дараалан шалгарч, цаашдаа аймаг орон нутгаа улсын Жишиг аймаг болгон хөгжүүлэх, түүнчлэн аймгийнхаа зүрх нь, төв нь болсон Баруун-Уртаа хотын статусаар хөгжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. Хот хоггүй, эрүүл, аюулгүй, цэвэр, цэмцгэр байх учиртай. Түүнээ дагаад иргэд ч хотын соёлтой, нийгэмч сэтгэхүйтэй, нийгмийн хариуцлагатай, нийгмийнхээ сайн сайхны төлөө гар бие, сэтгэл зүтгэлээ зориулдаг байх ёстой. Тийм ч учраас Баруун-Уртынхаа өнцөг булан бүрт байгаа хогийг нийт аж ахуй нэгж, байгууллага хамт олны хүчээр цэвэрлэж, ЦЭМЦГЭР эко орчинд амьдрах, бүх нийтээрээ хотын соёлд суралцахад нөлөөлөх зорилгоор тус аянг зохион байгуулж байгаа аж.

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын залуус аянаа эхлүүлж, хотынхоо эх болсон БАРУУН-УРТЫН голоо цэвэрлэж, дараагийн байгууллагаар Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын хамт олныг дуудсан бол буухиа тус аймгийн Цагдаагийн газарт үргэлжлэн очсон байна. Түүнчлэн I love Baruun-Urt гэсэн бэлгэдэл бүхий цом, туузыг дараачийн байгууллагад буухиа болгон дамжуулж, тухайн байгууллагын хамт олондуудсан хоногоос хойш 3 хоногийн дотор ямар нэгэн объектыг цэвэрлэх ёстой гэсэн дүрэмтэйгээр үргэлжилж байгаа юм байна.

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд